Волейболын дээд лигийн плэй-оффын тоглолтууд эхэллээ


Волейболын үндэсний дээд лигийн 30 дахь удаагийн улирлын тоглолтууд өндөрлөж, хасагдах шатны тоглолтууд эхэллээ. Хасагдах шатанд /эрэгтэй/ “Төв миг вулвс”- “Дархан могулс”, “Алтайнбарс хилчин”-“Мега старс” баг учраа таарсан. Харин эмэгтэй лигийн хасагдах шатанд “Хилчин ти жи”-“Минтонетт говь”, “Хөвсгөл севен старс”- “Хобби-Эйс” багууд таарч, плэй-оффын эхний тоглолтууд өчигдөр дууслаа.

Энэ улирлаас плей-оффын тоглолтод 5 тоглож, 3 хожсон нь аваргын төлөө шалгарч үлдэнэ. Өмнө нь 3 тоглоод, түрүүлж 2 хожсон нь финалд үлддэг байв. Мөн аваргын төлөө 7 тоглоод, түрүүлж 4 хожсон нь аварга болохоор дүрэмд өөрчлөлт оруулсан. Энэ нь 30 дахь удаагийн улирлын нэгэн онцлог билээ. Плей-оффын тоглолт улирлын тоглолтоос тэс өөр. Жинхэнэ өрсөлдөөн гарна. Багийн тактик, комбинац энэ шатанд илүү сайжирч, багууд нууц хөзрөө дэлгэдэг.

Минтонетт говь” эхний хожлоо авлаа

“Хилчин ти жи” – “Минтонетт говь” улиралд 3 таарч тоглоход, 2:1-гийн харьцаатай “Хилчин Ти Жи” илүүрхсэн. Нэгдүгээр тойрогт эрс илүүрхсэн “Хилчин ти жи”-гийн хожлын цувралыг “Минтонетт говь” зогсоож, буулган авсан. Ингээд сүүлийн хоёр тойрогт 5 ээлж тоглосны эцэст “Хилчин ти жи” хожиж байлаа.

Энэ хоёр багт лигийн аварга болсон туршлагатай тоглогч цөөнгүй бий. Гэхдээ “Минтонетт говь” багийн хувьд хоёр дахь улиралдаа плэй-оффын шатанд шалгарч байна. “Хилчин ти жи” 3 дахь улиралдаа плэй-оффын шатанд өрсөлдөж байна. Тэд 2023 онд лигийн аваргын цомыг өргөж байсан туршлагатай. Тийм ч учраас хасагдах шатны тоглолтод арай туршлага заах баг нь Говь-Алтай аймгийн “Хилчин ти жи” байх нь гарцаагүй.

Гэхдээ шинэ залуу бүрэлдэхүүнтэй “Минтонетт говь” тийм ч амар бууж өгөхгүй гэдгээ эхний тоглолтоосоо харуулж, том мэдэгдэл хийлээ. Хоёр багийн улирлын тоглолтуудыг харвал эхний тойрогт 3:1-ээр “Минтоннет говь” хожсон. 2 болон 3-р тойрогт “Хилчин ти жи” 5 ээлжийн тоглолтоор ялсан байдаг. Энэ нь хоёр багийн тоглолт ямар өрсөлдөөнтэй, ойролцоо болсныг илтгэнэ. Яг үүн шиг аль баг нь финалд шалгарах нь тоглолт бүрээс шууд хамаарна.

Өнөөдрийн тоглолтод “Минтонетт говь” 3:1-ээр хожиж, цувралыг тэргүүлж эхэллээ. Энэ тоглолтод “Хилчин ти жи” клуб довтолгоогоор илүү байсан ч хамгаалалт, хаалт дээр гол зөрүү гарлаа. Товчхондоо өнөөдрийн тоглолтод илүү сайн бэлдэж, гэрийн даалгавраа бүрэн гүйцэд гүйцэтгэсэн баг нь “Минтонетт говь” байлаа.

Төв миг вулвс” хүчтэй байна

Улиралд ердөө 3 хожигдож 18 хожил авсан цор ганц баг бол Төв Миг Вулвс. Тэд өмнөх улирлаас илүү хүчтэй баг болсон гэдгээ улирал дуусан дуустал хангалттай харууллаа. Хасагдах шатанд үлдсэн 4 багаас аварга авах хамгийн өндөр магадлалтай баг нь Чононууд. Сүүлийн жилүүдэд тасралтгүй плэй-оффт шалгарч аваргын төлөө хүчтэй үзэж байгаа. Өнгөрсөн жил л яг энэ шат буюу хасагдах шатны сүүлийн тоглолтод Эс Жи Хокс багийг 9 онооны дутууг нөхөж хожсоноор финалд шалгарч байсан. Өнгөрсөн улиралд Мега Старс бүрэлдэхүүний хувьд үнэхээр зогсоогдошгүй байсан шиг Чононууд энэ улиралд үнэхээр зогсоогдошгүй байна. Харин тэдний эсрэг Дархан Могулс баг ямар тактик боловсруулж ямар нууц хөзөртэй тоглох нь волейбол сонирхогчдын анхаарлыг татаж байна. Дархан Могулсын хувьд шинэ баг. Дээд лигт орсон эхний улиралдаа плэй-оффт шалгарна гэдэг амжилт. Тэд шинэ түүх бүтээж яваа баг. Мэдээж энэ шатанд хүрэхэд тэд амар зам туулаагүй. Эс Жи Хокс, Натур бакс зэрэг хүчтэй багуудыг ардаа орхиж хүснэгтийн 4-р байраар улирлаа дуусгасан. Натур бакстай хийсэн улирлын сүүлийн тоглолтыг ч дурдаж болно. Тэр тоглолтыг үзсэн хүмүүс бүгд мэдэж байгаа. Маш ширүүн өрсөлдөөнтэй, гал гарсан хүнд тоглолт болсон. Жинхэнэ амь наана там цаана гэдгийг талбайд байсан тоглогч нар харуулсан. Сүүлийн жилүүдэд ч ийм тоглолт Дээд лигийн талбайд гараагүй биз. Тоглолтын дараа “Дархан Могулс” багийн дасгалжуулагч, арын албаны хүмүүсийн сэтгэл их хөдөлж бөөндөө баяраа тэмдэглэн уйлж байв. Энэ бол яах аргагүй энэ багийн хувьд маш чухал том хожил. Харин одоо тэд том түүх бичих үү үгүй юу гэдэг тулааны өмнө ирлээ. Тэд плэй-оффын эхний хасагдах шатанд Төв Миг Вулвстэй таарч 3:0-ээр ялагдал хүлээлээ.

Төв Миг Вулвс” 2-р сетэд 25:0-ээр хожив

Дасгалжуулагчийн баг талбай дээр 3 импорт тоглогч зэрэг гаргасан нь алдаа боллоо. Улмаар 2-р сетийн тоглолт гаралгүйгээр 25:0-ээр өндөрлөж 3-р тойргийн тоглолт шууд эхлэв. Эхний тойрог дээр Дархан Могулс байрлалын алдаа гаргахаас эхлээд ойлголцол, хамгаалалтын алдааг олон гаргаж байлаа. 3-р сет 25:19-өөр өндөрлөж Төв Миг Вулвс цувралын давуу байдлыг өөрсдийн талд авав.

Хоёр багийн бүрэлдэхүүний хувьд аль нь хүчтэй довтолгоотой, лигийн шилдэг холбогчтой, шилдэг импорт тоглогч нартай. Гол зөрүү хаалт болон дасгалжуулагч нарын туршлагын зөрүү гарах болов уу? Мөн гадаад болон монгол дасгалжуулагч нарын тактик энэ цувралд хэрхэн өрнөх нь анхаарал татна. Плэй-оффын шатанд Төв Миг илүүрхэж цувралаа эрт дуусгах уу? Дархан Могулс гайхалтай эргэн эрэлт хийж финалд шалгарах уу гэдэг сонирхолтой тоглолт энэ цувралд хүлээж байна. Хоёр багийн дараагийн тоглолт маргааш цагаас Степпе аренад болно.

Плэй-оффын эхний тоглолтод “Хобби-Эйс” илүүрхлээ

“Хобби-Эйс” өнгөрсөн улиралд хүснэгтийн 6-р байранд бичигдэж улирлаа өндөрлүүлсэн. 2021 оноос хойш 3 улирал өнжөөд плэй-оффын шатанд шалгарлаа. Энэ улиралд өмнөх улирлын амжилтаа эвдэж хүснэгтийн 3-р байраар хасагдах шатанд шалгарав. Хөвсгөл “Севен старс” сүүлийн 4 улирал дараалан плэй-оффт шалгараад байна. Тэд дээд лигээс 1 алт 1 хүрэл медаль авч байсан туршлагатай баг. Хоёр баг хасагдах шатны цувралд хамгийн ойрхон өрсөлдөөнийг үзүүлэх багуудын нэг. Хэдийгээр эхний тоглолтод 3:1-ээр “Хөвсгөл Севен Старс” хожигдсон ч гэсэн тоглолтын агуулгын хувьд Хобби Эйсээс хол дутуу байсангүй. Сет бүрийн хожил өндөр оноо буюу эцсийн мөчид шийдэгдэж байлаа. Тийм учраас хоёр багийн ялагч 5 тоглолтын дараа шийдэгдэхийг үгүйсгэхгүй. Ямартай ч плэй-оффын эхний тоглолтод Хобби Эйс илүүрхлээ.

Алтай Барс Хилчин” 3:0 харьцаатай “Мегастарс”-ыг хожиж цувралыг тэргүүлж эхэллээ

2019 оноос хойш Плэй-оффын шат руу орж чадахгүй явсан Алтайн Барс 4 жилийн дараа плэй-оффын шатанд шалгарлаа. Өнгөрсөн улиралд нэг ч хожил авч чадахгүй улирлаа дуусгаж байсан бараан түүх тэдэнд бий. Гэхдээ зөв бодлого, зөв менежментээр явбал богино хугацаанд эрс шинэчлэл өөрчлөлт хийж баг яаж сэргэдгийг “Алтайн Барс” клуб энэ улиралд хангалттай харуулж байна. Тэд улирлын эхний тойргийг тааруу эхлүүлсэн ч хоёр, гуравдугаар тойргийн тоглолтуудыг сайн хийж хүснэгтийн хоёрдугаар байраар плэй-оффт шалгарсан. Тэд улирал эхлэхэд Олимп, Дэлхийд шигшээ багаа удирдаж амжилттай тоглож байсан Японы тамирчин Кошикава Юүг багтаа нэгтгэсэн бол улирлын дундуур Р.Ашвал, М.Жехан гэсэн Энэтхэг, Пакистаны хоёр шилдэг импорт тоглогчийг багтаа нэгтгээд байгаа. товчхондоо импорт тоглогч дээр сайн ажилласан гэж хэлж болно. Мөн энэ жил 15 жилийн ой тохиож байгаа учраас дасгалжуулагч арын албаны хүмүүс илүү энэ улиралд илүү ач холбогдол өгч буй нь ойлгомжтой. Өчигдрийн тоглолтод “Алтайн Барс Хилчин”, “Мега Старсыг” 3:0-ээр буулгаж авлаа. М.Жехан 27 оноо авч тоглолтын шилдгээр шалгарав. Түүний хүчтэй довтолгоонуудыг Мега Старсын хаалт, хамгаалалт зогсоож чадсангүй. Харин өнгөрсөн улирлын аварга Мега Старс цувралд тийм ч амар бууж өгөхгүй. Тэд дараагийн тоглолтод хэрхэн бэлдэж орж ирэхийг хүлээе.

Плэй-оффын тоглолтууд хоёрдугаар сарын 9-нийг хүртэл явагдана. Эдгээр тоглолтуудыг PSN5 болон NSports суваг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлж байгаа юм. Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчид

  • Sono – Таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй!
  • Oyu Tolgoi – Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!
  • DDish – Оюуныг гэрэлтүүлнэ!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *