Н.Тавинбэх нь 10 аймагт дулааны станц барих төслийн зөвлөх үйчилгээнээс 7 тэрбум төгрөгийг завшжээ


“ДЦС-4” ТӨХК -ийн захирал Н.Тавинбэхийг АТГ-аас шалгаж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл түүнийг шүүхийн шийдвэрийн дагуу хойшлуулашгүйгээр 48 цагийн хугацаатай баривчилжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Н.Тавинбэхийг гаднын орны эрчим хүчний хөнгөлөлттэй зээлийн төслийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар хувьдаа завшиж, хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьж, шалгаж байна. Тодруулбал, Н.Тавинбэх нь  Архангай, Говь-Алтай, Говь сүмбэр, Дундговь, Завхан, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн дулааны хангамжийг сайжруулах зорилгоор дулааны станц барих төслийн зөвлөх үйлчилгээний гэрээ дууссан байхад сунгасан, албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийг нь үндэслэлгүйгээр нэмж 2.6 сая ам.долларт хүргэжээ. Цаашлаад  зөвлөх үйлчилгээг хийлгэхдээ нэр бүхий ААН-д давуу байдал олгосон байна.

Н. Тавинбэх нь уг төслөөс зөвлөх үйлчилгээ нэрийдлээр 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг гарган авсан болохыг хууль хяналтын байгууллагаас тогтоожээ.  Энэ хэрэгтэй холбогдуулан 3 хүнийг баривчилж 21 газарт  прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийжээ.

Энэ тохиолдолд ЭХТА-ийн 22.1.2-т зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхт байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 хүртэлх жилээр хасаж, 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ”.

Мөн ЭХТА-ийн 22.10.1-т “Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол  үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жилээр хасаж, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана” гэж заажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *