Монгол бичгээр чулуун зүмбэрээр товойлгон сийлжээ


Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” уралдааны шилдгүүдээ өчигдөр тодруулав. Монголын уран зургийн галерейн гуравдугаар давхарт очиход үзэгчдийн цуваа тасрахгүй, танхим олны хөлд дарагдсан байв. Цагаан хананд нямбайлан бичсэн босоо бичгээ жаазалж, уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг эгнүүлэн өлгөжээ.

Үзэсгэлэнгийн танхимын хананд өлгөсөн олон бүтээл дундаас нэгэн бүтээл анхаарлыг хамгийн түрүүнд татав. Урт босоо хэлбэртэй, модон хүрээтэй хавтан дээр монгол бичгээр товгор, алтлаг өнгөөр урлан бичсэн нь нүд булаам. Улаан хүрэн дэвсгэр нь цаг хугацааны элэгдэл шингэсэн мэт барзгар бүтээлд түүхэн, хуучны өнгө аясыг улам тод мэдрүүлнэ.

Эл бүтээлийн өмнө хэсэг саатах зуур үзэсгэлэнд оролцож буй нэгэн сурагч дэргэд ирэн “Үүнийг яаж ингэж хийдэг юм бол?” хэмээн гайхан асууж, хажууд зогсов. Төд удалгүй уг бүтээлийг урласан оролцогч өөрөө ирж, бидний яриа ийн эхэлсэн юм. Түүнийг П.Саранбилэг гэдэг. МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн магистрант. Тэр энэхүү бүтээлээрээ уран бичлэгийн ангилалд тусгай байрт шалгарчээ. Түүний багш нь “Дашчойлин” хийдийн бурханч лам М.Эрдэмбилэг. Багшийнхаа удирдлагаар “Эх нутаг” бүтээлээ урлажээ.

Бүтээл нь эх хэл, түүх соёл, газар нутаг маань өнө эртнийх болохыг илтгэх санааг агуулсан гэнэ. Хэдэн зуун, мянган жил өнгөрсөн ч алт шиг үнэ цэнээ алдахгүй, хуучрахгүй, хэзээ ч мөхөхгүй гэсэн бэлгэдлийг шингээн урласан байна. Харин бүтээлийн хийцийн тухайд, санаагаа олохын тулд 20 хоног зарцуулж, зүмбэрдэж, алтдан урлахад нийт 14 хоног зориулжээ.

Бүтээлийн явцад гэдэснээс зайлсхийхийн тулд үгийг бага зэрэг өөрчилж бичсэн. “Хэрвээ бийрийн бичиг гурван хэмжээст, 3D хэлбэрээр харагддаг бол яг ийм байх болов уу? Аль хэсэгт нь даралт, аль хэсэгт нь өрөлт орсныг товгор, хотгороор нь шууд мэдэрч болно” хэмээн тайлбарлалаа.

Чулуун зүмбэрээр хэрхэн бичдэг талаар асуухад, бийрээр бичих техниктэй адилхан. Зориулалтын шахдаг хэрэгслээр зүмбэрээ дарж, бичдэг гэнэ.

Уралдааны хүрээнд зохион байгуулагчдаас өгсөн 2 хос уянгаас сонгон бичих даалгавартай байсан П.Саранбилэг хуучирсан модон эдлэл дээр бүтээлээ хийхээр зорьжээ. Түүний хэлснээр зүмбэр нь манай оронд Буддын шашны нөлөөгөөр гүн суусан, томоохон урлаг. Үүнийг зөвхөн чимэглэл бус, бичгийн урлагт ч ашиглаж болдгийг тэр харуулахыг хичээсэн аж.

“Монголын сайхан бичигтэн” уралдааны танхимд ягаан дээлтэй, балчирхан нэгэн охин олны анхаарлыг эрхгүй татна. Тэр бол уг уралдаанд оролцож буй хамгийн бяцхан бичигтэн Д.Амина. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Нутгийн аваргууд” сургуулийн 1а ангийн сурагч юм. Тэр энэ жил тус уралдаанд анх удаа оролцож, “Миний ээж” хэмээх бүтээлээрээ авьяас чадвараа сорьжээ.

Дөнгөж 4 настайгаасаа эхлэн монгол бичгээр бичиж сурсан байна. Түүний монгол бичгийн анхны багш нь төрсөн эгч Д.Нямдэлгэр. Эгч нь монгол хэл, бичгийн багш мэргэжилтэй бөгөөд 11 дүгээр ангиасаа эхлэн “Монголын сайхан бичигтэн” уралдаанд оролцож, сурагчдын болон насан хүрэгчдийн тэргүүн дэд байрт шалгарч байсан туршлагатай нэгэн аж.

Монгол бичиг бичихдээ дэргэд нь байнга сууж, хамтдаа бичдэг байсан нь Аминаг энэ бичигт дурлах эхлэл болсон гэнэ. Энэ тухай тэрээр “Эгч ээ, би монгол бичиг бичиж байна” гээд дээрээс доош нь зураад бичдэг байсан” хэмээн инээмсэглэн ярилаа.

Энэ жил нэгдүгээр ангид элсэн орсноороо уралдаанд бэлтгэн, илүү идэвхтэй оролцох боломж түүнд бүрдсэн аж. Одоогоор Амина өөрийн хэмжээнд хуулбан бичгийн дэвтэр дээрээ бичиж сурч байгаа бөгөөд монгол бичгээр бичих нь түүний хамгийн дуртай ажил гэнэ.

Ягаан дээлтэй энэ бяцхан охины мөрөөдөл бол ирээдүйд монгол бичгийн багш болж, үндэсний бичиг соёлоо олон хүнд зааж сургах юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *