Т.Баярхүү: Өвөлжилт баруун болоод цас ихтэй бүс нутгаар хүндэрч магадгүй


УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээс өвөлжилт орон нутагт ямархуу байгаа талаар тодрууллаа.

-Хөдөө орон нутагт өвөлжилт хэр байна вэ?

-Ус цаг уур, орчны шинжилгээний газраас хийсэн үнэлгээгээр 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаан зудархуу нөхцөлд байгаа нь тогтоогдсон байна. Төвийн болоод хангайн бүсийн аймгуудад цасны зузаан өндөр байгаа юм. Түүнчлэн увс, завхан аймгийн хойд сумдаар зудархуу нөхцөлтэй байна.

-Өвөлжилт зарим нутагт хүндэрсэн гэж ойлгож болох уу?

-Баруун аймгууд болоод цас ихээр орсон төвийн бүсийн зарим нутгаар өвөлжилт хүндэрч магадгүй төлөв ажиглагдаж байна. Гэхдээ гамшгийн хэмжээнд юм уу? Өвөлжилт айхтар хүндэрчихсэн аймаг сум одоогоор байхгүй. Улсын онцгой комисс, засгийн газраас эрсдлийн үнэлгээ хийх, гамшгаас сэргийлэх ажлын хэсэг байгуулж зарим аймаг сумдад ажиллуулж байгаа. Тухайлбал Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг зудын эрсдэл өндөртэй баруун аймгуудад ажиллаж байгаа бол Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаагаас гадна миний бие ахалж байгаа ажлын хэсэг мөн бий. Оны өмнө хүндэрч мэдэх эрсдэлтэй хэмээн тодорхойлогдож буй аймаг сумдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх засгийн газрын тогтоол гаргуулсан. Одоо аймаг сумдад өвс тэжээл олгох ажил үргэлжилж байна. Төрийн үйлчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх чиглэлээр зарим аймгуудад техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулаад ажиллаж байна.

-Яг ямар аймгуудад хэдий хэмжээний өвс тэжээл олгосон бэ?

-Засгийн газрын тогтоолын хүрээнд 1000 орчим тонн өвс, 8000 орчим тонн тэжээлийг эрсдэл ихтэй аймгуудад олгохоор хуваарилаад явж байгаа. Одоогоор хэд хэдэн аймаг сумд аюулгүйн нөөцөө дуусгасан учраас өвс тэжээлийн дэмжлэг олгох ажлыг эхэлсэн.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *