2025 онд орон нутгийн өмчит 2 зах Хөвсгөл, Увс аймагт шатсан. Хохирлыг төрөөс гаргах тухай асуудал яригдсан байдаг. Энэ талаар аймгийн удирдлагуудаас тодрууллаа.
Хөвсгөл аймгийн засаг даргын орлогч Ц.Гансүх:
-Хөвсгөл аймагт худалдааны төв шатсан. Хохирлын дүн өндөр сонсогдож байсан. Асуудлыг хэрхэн шийдсэн талаар мэдээлэл өгөөч?
-2018 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2 давхар барилга бүхий Шинэ мөрөн худалдааны төвийг барьсан байдаг. 2025 оны 4-р сард гал гарч худалдааны төв бүхэлдээ шатсан. Орон нутгийн өмчит компани уг худалдааны төвийн үйл ажиллагааг авч явж ирсэн. Шинэ мөрөн худалдааны төвд 279 түрээслэгчтэй байсан. Түрээслэгч нар бараа бүтээгдэхүүнээрээ хохирсон, төрийн өмч байсан гэдэг утгаараа төрд ч тодорхой хэмжээний хохирол учирсан. Энэ асуудлаар аймгийн удирдлагууд түрээслэгчдийн хамтаар Засгийн газарт хандсан байдаг. Засгийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Шинэ мөрөн худалдааны төвийн түрээслэгч нарт хүүгүй, барьцаагүй зээл олгохоор шийдсэн. Нийтдээ 5,2 тэрбум төгрөгийн зээлийг 250 хохирогчид олгосон. Гэхдээ энэ бол зээл гэдгийг ойлгох ёстой. Зүгээр олгосон мөнгө биш. Нийтдээ Шинэ мөрөн худалдааны төвд гарсан галаас үүдэж 12 тэрбум төгрөгийн хохирол учирсан хэмээн тогтоосон байгаа. Худалдааны төвийн барилгыг 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барихаар шийдэж барилгын ажил эхэлсэн явж байна.
-Шинэ худалдааны төв ашиглалтад орохоор өмнөх түрээслэгчид үргэлжлүүлэн түрээслэх үү?
-Галаас үүдэж хохирсон 279 түрээслэгч шинэ зах ашиглалтад орохоор эхний 6 сар түрээсгүйгээр худалдаа эрхлэх бололцоог бүрдүүлэхээр гэрээ хийсэн байгаа.
-Зах тэр чигтээ худалдаа бизнес өрнөдөг. Төрөөс дэмжлэг авах шаардлага байсан уу?
-Төрөөс ямар нэгэн хохирол нөхөн төлүүлээгүй. Зөвхөн хөнгөлөлттэй зээлд хамруулсан гэдгийг ойлгох хэрэгтэй.
Увс аймгийн төвд Шинэ Улаангом зам мөн шатаж, түрээслүүлэгчид хохирсон. Энэ асуудлаар тус аймгийн ИТХ-ын дарга П.Баттулгаас тодрууллаа.
-Шинэ Улаангом зах шатсанаас болж хохирсон түрээслэгч нарын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Шинэ Улаангом захад 283 түрээслэгч худалдаа эрхэлж байсан. Хохирлын дүн хараахан тодорхой болоогүй байна. Аймгийн иргэдийн хурлаас шийдвэр гаргаж орон нутгийн төсвөөс 3 тэрбум төгрөг гаргахаар болсон. Засгийн газарт түрээслэгч нар болоод аймгийн удирдлагууд хандсан. Хохирлын дүн эцэслэн тодорхой болохоор төрөөс дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулах чиглэлээр анхаарна гэж мэдэгдсэн.
-Захын үйл ажиллагааг заавал төрөөс дэмжих шаардлагатай юу?
-Төрийн мөнгөөр барьсан барилга. Төрийн өмч гэдгийг бодолцох учиртай. 2014 онд 3 аймагт сендвичэн барилгаар худалдааны төв байгуулж өгсөн байдаг.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
