Шатахуун тээвэрлэж явсан ачааны машин онхолдож, 16 тонн дизель түлш асгарчээ


Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шатахуун тээвэрлэж явсан ачааны машин онхолдсон тухай дуудлага нэгдүгээр сарын 15-ны 21:09 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Уг дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Б-гийн “Beiben North Benz ND-4250” загварын 42 тонн дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл автозамын хажуу тал руу онхолдож, 16 тонн дизель түлш асгарсан байжээ.

Энэ талаар ОБЕГ “Тухайн тээврийн хэрэгслийн ачиж явсан түлшийг соруулж, нэгдүгээр сарын 16-ны өдрийн 00:07 цагт “Hyundai Trago” загварын тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачиж дууссан. Тээврийн цагдаагийн алба, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан хаагчид ослын газарт үүрэг гүйцэтгэж, Хан-Уул дүүргийн тохижилт, цэвэрлэгээ хариуцсан “Хан-Уул-Агро” ОНӨААТҮГ-ын ажилтнууд асгарсан түлшийг саармагжуулан, бохирдсон хөрсийг хуулсан” гэх мэдээлэл өглөө.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *