Дархан-Уул аймагт байрладаг Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэн үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 100 гаруй үр тарианы сорт үүсгэж, 20 гаруй сорт нутагшуулж тариалалтад ашиглаж байна. Хамгийн сүүлийн байдлаар дархан 212, Дархан-222 зэрэг сортууд үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.
Жилд 400-450 тонн эртийн болцтой Дархан-160, Дархан-131 дунд, дунд оройн болцтой Дархан-190, Дархан-144 сортын супер элит үр үржүүлж, салбарт нийлүүлэн ажилласан байна. Энэ нь газар тариаланд гүйцэтгэх үүргийн хувьд нэлээд жин дарах сорт болсон талаар тус хүрээлэнгийнхэн ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжавыг тус хүрээлэнд өчигдөр очих үеэр хэллээ.
Мөн төмсний 5 сорт шинээр гаргаж, 14 сорт нутагшуулан, 16 сортыг ирээдүйтэй сортоор шалгаруулж үйлдвэрлэлд нийлүүлэн ажиллажээ. Жилд 80-100 мянган эрүүл бичил булцуу буюу төмсний эх материалын улсын хэрэгцээний 40 хувийг ЭШХ ханган ажилладаг.
Бөөрөнхий сонгиныг үрээр тарьж эдийн засгийн хэмнэлт гаргах, хөдөлмөр хөнгөвчилсөн туршилтыг хийж, технологи боловсруулжээ.
Шинжлэх ухааны нарийн зохицуулалтаар нэн ховордох, устаж буй ургамлын генийг 100 жил ч хадгалах боломж бий гэнэ. Энэ чиглэлд дэлхийн том гүрнүүд уралдан ажиллаж буйг хүрээлэнгийн эрдэмтэд уулзалтын үеэр онцолжээ.

