Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар анх удаа агаарын навигацын үйлчилгээний хураамжаас улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг бууруулж, 40 тэрбум төгрөгийг олон улсын нислэгийн аюулгүй байдлыг хангах навигацын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд зарцуулах боломжийг шийдвэрлэж өгсөн.
Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахад чиглэсэн навигацын тоног төхөөрөмжийг шинэчлэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах юм.
Монгол Улсын агаарын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн тоног төхөөрөмжийг шинэчлэх чиглэлээр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Испанид төвтэй “INDRA” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Испани улсын “Indra” технологийн компанийн хувьд, автоматжуулалт, агаарын тээвэр, навигац, аюулгүй байдал, харилцаа холбоо, хяналтын чиглэлээр олон улсын түвшинд өргөн хүрээтэй хамтран ажилладаг. Тухайлбал, АНУ, Герман, Их Британи, Хятад, Энэтхэг зэрэг улсад агаарын хөдөлгөөний удирдлагын систем болон агаарын навигацийн тоног төхөөрөмж болох радар, удирдлагын систем, аюулгүй байдлыг хангах дэвшилтэт технологиудыг нийлүүлдэг юм байна.
Монгол Улсын хувьд тус компани нь 2009 оноос эхлэн хамтран ажилласан бөгөөд манай улсад нийт 7 ширхэг нислэгийн хөдөлгөөнийн удирдлагын систем нийлүүлж байсан түүхтэй. Эдгээр тоног төхөөрөмжүүдээс өнөөдөр 5 радар хэвийн ажиллаж байгааг албаныхан хэллээ. Тухайлбал, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Дорноговь аймгийн Сайхандулаан, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дундговь аймгийн Өлзийт, Хэнгэрэгтэй сумдад радиолокаторын систем ажиллаж байна.

