Хуурай замын цэргийн шинэхэн ахлагчид ажилдаа орлоо


Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ахлагчийн хөгжлийн төвийг түшиглэн зохион байгуулагдсан мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалтын төгсөгч дэд ахлагч нарыг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас 1 дүгээр сарын 19-нд хүлээн авч, томилолт тушаалыг нь гардуулж, ажлын амжилт хүслээ. Тэдний хувьд тушаалаа өвөртөлж, ажлын анхны гараагаа эхлүүлсэн анхны өдөр нь болов.

Шинэхэн дэд ахлагч нарт Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Л.Мөнх-Эрдэнэ: “Ахлагч хүн жагсаалын чимэг нь болж, уралдаан тэмцээний тэргүүнд, сургалт дадлагын магнайд явдгийг та бүхэн алхам тутамдаа санаж явах ёстой” гэж захилаа.

Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Буяндэлгэр: “Хуурай замын цэрэг хэмээх их айл шижигнэсэн сайхан залуусаар бүл нэмж байгаад сэтгэл хангалуун буйгаа уламжилж, зорилгодоо хүрсэн залуусын ирээдүй цэлийж, захыг нь мушгиж суусан аав ээжийн магнай нь тэнийсэн баярт үйл явдал энэ өдөр тохиож байна” хэмээн онцлон дурдлаа.

Нэг жил хугацаат цэргийн албаа хааж, цэргийн амьдралын зах зухыг амталж, халуунд халах, хүйтэнд хөрөх хатуужлыг туулсан эдгээр залууст мэргэжлийн ахлагч болж байгаад нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *