Дулааны IV цахилгаан станцын зууханд гэмтэл гарчээ


Өнөөдөр 11 цагаас хойш Хан-Уул, СХД-ийн зарим хэсэгт тог гэнэт тасрав. Үүний улмаас зарим аан, албан байгууллагын үйл ажиллагаа доголдож эхэллээ. Тухайлбал Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын 108 төвийн дугаар дуудлага хүлээн авах боломжгүй болсон талаар тус төвөөс мэдэгдэв.

Ямар учир шалтгаанаар тог тасраад байгаа талаар тодруулахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын зууханд гэмтэл гарсан гэж албаны хүмүүс тайлбарлалаа. Үүнтэй холбоотой Улаанбаатар хотын тодорхой байршлуудад эрчим хүчний хязгаарлалт хийж байгаа аж.

Тодруулбал, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц нь бэлтгэл тоноглолгүй бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх хугацаанд зуухны халах гадаргууд гэмтэл гарч, цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орж, тодорхой байршлуудад эрчим хүчний хязгаарлалтыг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас хийж байна.

Хязгаарлалт 1.5 цаг үргэлжлэх бөгөөд хэрэглэгч Та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. Тоноглолын гэмтлийг 24 цагийн дотор засварлахаар ажиллаж байна” хэмээн Эрчим хүчний яамнаас мэдэгдлээ.

Өнөөдөр эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж болзошгүй байрлалуудыг хүргэж байна.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *