Энэ оны нэгдүгээр сарын 20-нд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Драмын театрын уулзвар дээр замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг нэг жолооч машинаараа мөргөсөн хэрэг гарчээ. Иргэн Б “Toyota Lexus” маркийн машинаар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ уулзварын голд хөдөлгөөн зохицуулж байсан цагдаа М-ийг мөргөж, гэмтээсэн байна. Уг хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байгаа аж.
Өнгөрсөн онд үүргээ гүйцэтгэж байсан 45 цагдаа биедээ хөнгөн, хүндэвтэр болон хүнд гэмтэл авсан байна. Замын хөдөлгөөн зохицуулж байсан цагдаа тархиндаа хүнд гэмтэл авсан тохиолдол ч бүртгэгджээ.
Мөн хүйтний эрч чангарсан эдгээр өдрүүдэд гадаа байрлуулсан автомашины цонх цантаж, мөсөн бүрхүүл үүссэн нөхцөлд “яарч байна” гэх шалтгаанаар замын хөдөлгөөнд оролцох нь үзэгдэх орчинг хязгаарлаж, осол болон бусад эрсдэлийг нэмэгдүүлж байгааг анхаарууллаа. Иймд жолооч та хөдөлгөөн эхлэхээс өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, замын хөдөлгөөнийг зохицуулж буй цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх, тэдний үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.
