Ерөнхий сайд “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн ажилчдыг шагнаж, урамшуулна


“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн инженер, техникийн ажилчид дөрөвдүгээр зууханд гарсан гэмтлийг богино хугацаанд засварлаж дууссан. Тэгвэл Ерөнхий сайд, +70 градустай хүнд орчин, нөхцөлд шуурхай ажилласан тус станцын гагнуурчид болон засварчдыг сайшааж, шагнаж урамшуулна гэдгээ мэдэгдлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар, “Өвлийн оргил ачааллын үед зуухын цехийнхэн, засварчид, гагнуурчид өндөр ачаалалтай ажиллаж байна. Ийм хүмүүсийнхээ хөдөлмөрийг үнэлдэг байх ёстой. Тиймээс илүү цагийн нэмэгдэл, урамшууллаас гадна цалин хөлсийг нь нэмэгдүүлж, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх тал дээр салбарын яамыг шахаж ажиллана. “Дулааны цахилгаан станц-4″ ТӨХК дангаараа Улаанбаатар хотын нийт цахилгаан эрчим хүчний 58 хувийг хангадаг. Найман зуухаар цагт 680 мВт эрчим хүч үйлдвэрлэдэг. Гэвч нэг зууханд гэмтэл гарснаар хязгаарлалт хийх зайлшгүй нөхцөл үүссэн байна” гэв.

15 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай баг засварын ажлын хамгийн сүүлийн үе шат болох шугам хоолойн үзлэг хийж, шинэ гагнаасаа шалгаж өнөө оройн оргил ачааллаас өмнө зуухаа залгахаар ажиллаж байна. Гэхдээ гэмтлийг шуурхай засварлаж буй нь гал унтраасан арга гэж Ерөнхий инженер Д.Болдбаатар онцлов.

Бэлтгэл нөөцгүй цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэж буй тохиолдолд хязгаарлалт дахин үргэлжлэх эрсдэлтэй. Тиймээс яаралтай шинээр есдүгээр зуух барих шаардлагатай. Хоёр жилийн өмнө шинэ зуухны ТЭЗҮ-ийг батлуулжээ. Есөн зуухтай болсноор цахилгаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангаад зогсохгүй бэлтгэл тоноглолтой болж, гал алдах эрсдэл буурах юм. Мөн бусад зууханд засвар үйлчилгээ хийх хугацаа наашлах зэргээр олон давуу тал бий болох юм байна. Ерөнхий сайд Г.Занданшатар “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК бэлэн байдлын горимд хэрхэн ажиллаж байгааг шалгав.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *