Тикток дээр лайф хакуудыг хөнгөвчилж, ёжилсон бичлэгүүдээрээ олонд танигдсан Хаби Лейм өөрийн брэндээ 975 сая ам.доллароор зарах гэрээ хийжээ. Итали гаралтай, өдгөө 25 настай Хаби Лейм Тикток дээр 160 сая дагагчтай ба тус платформ дээр дэлхийн хамгийн олон дагагчтай хүн юм. Түүний эзэмшдэг Step Distinctive Limited компанийн хувьцааг Хонконгд төвтэй Rich Sparkle Holdings санхүүгийн фирм худалдаж авахаар тохиролцсон байна. Ингэснээр Rich Sparkle Holdings компани Хаби Лэймийн Тикток хаягийг ашиглаж зар сурталчилгаагаар мөнгө олох боломжтой болно. 975 сая ам.долларын дүнтэй тус гэрээгээр Rich Sparkle фирм Хаби Леймийн брэнд нэрийг 36 сарын турш онцгой эрхтэйгээр ашиглах боломжтой болох юм. Хаби Леймийн дагагчдынх нь бааз суурийг арилжааны эх үүсвэр болгосноор жилд дунджаар 4 тэрбум гаруй ам.долларын орлого олно гэж Rich Sparkle фирм тооцоолжээ.
Гэрээнд Хаби Леймийн байгуулсан Step Distinctive компанийн тодорхой хувийг Rich Sparkle худалдан авах, бусад компанитай хамтран ажиллаж түүний брэндийг ашигласан хувцас, гоо сайхан, үнэртэй ус зэрэг бүтээгдэхүүн гаргах, Хаби Леймийн хиймэл оюунт хувилбараар олон хэлээр контент бүтээх зэрэг ажлууд багтсан байна.
Эх сурвалж: Forbes
