10 гаруй километрийн цаанаас сургуульдаа явдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульдаа явж чадахааргүй нөхцөл байдал үүссэнийг бид сурвалжиллаа.
“Сургуулийн автобус зогссон. Би хичээлдээ очмоор байна” гэх хүүг Ч.Хүслэн гэдэг.

Тэр одоо 11 настай, 5-р ангийн сурагч. Тэр уналт, таталт гэх оноштой учир хараа хяналтгүй үлдээх боломжгүй. Иймд хичээлдээ явж чадахааргүй нөхцөл байдал үүссэн энэ үед тэр ээжийнхээ ажил дээр өдрийг өнгөрүүлж байна.
Мөн тус сургуулийн 4-р ангийн сурагч Б.Тэргүүнбаяр тулгуур эрхтний бэрхшээлтэй.

Тэр байнга сургуулийн автобусаар хичээлдээ явдаг. Харин автобус түлшгүй болсон тул хичээлдээ очих боломжгүй болжээ. 63-р сургууль 300 орчим сурагчтай. Тэдний 50 орчим хувь нь 10 гаруй километрийн цаанаас буюу Өлзийт хороолол, Биокомбинат, Морингийн даваа орчмоос сургуульдаа ирдэг байна.
Сургуулийн хувьд автобус явахгүй болсонтой холбоотой сурагчдын ирц 70 орчим хувьтай байгаа юм. Тухайлбал, 2-р ангийн 11 сурагчтай ангиас өнөөдөр 4 хүүхэд иржээ. Харин бусад нь холоос явдаг. Сургуулийн автобус ганц гүүр нь болж байсан бол зогссоноос үүдэн хичээлдээ ирээгүй гэх. Эцэг эх, асран хамгаалагчдын хувьд ч машинтай гэх хүмүүс цөөхөн гэдгийг онцоллоо.
Төрдөө гомдож байна…
П.Баянчулуун. эцэг эхчүүдийн төлөөлөл…
“Би цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Өглөө хүүхдээ сургуулийн автобусанд суулгаад, өдөр нь хүлээгээд авдаг.

Гэтэл сургуулийн автобус зогссоноор хүүхдээ ажилдаа аваад ирсэн. Хүүхэд маань эрүүл бус учир ажил дээр ирсэн ч хүндрэлтэй байна. Анги бүрийн хаалгыг өшиглөөд, хүүхдүүдийг эсвэл өөрийгөө гэмтээчих вий гэхээс түгшиж ажиллаж байгаа. Жилийн жилд сургуулийн автобусны түлшний зардал тасардаг. Мөн эдгээр хүүхдүүдийн хөгжих, сурч боловсрох эрхийг төр ноцтойгоор зөрчиж байгаад гомдолтой байна.”
М.Базаррагчаа, эцэг эхчүүдийн төлөөлөл…
“Миний хүү хагас саажилттай. Хичээлдээ явах маш дуртай. Манай гэр хүүгийн сургуулиас 10 орчим километрийн зайтай тул нийтийн тээврээр авч явах боломжгүй. Сургуулийн автобус явахад үнэхээр дэмтэй. Ххүхдээ хөгжүүлэх зорилгоор сургуульд явуулах гэтэл автобусны түлшний зардлыг нь олгохгүй хүндрэл үүсгэж байгаад гомдолтой байна.

Яагаад заавал тэд гэж. Тусгай хэрэгцээт сургуулийн хүүхдүүдийн сурах эрхийг яагаад зөрчиж байгаа юм. Ийм нөхцөлд хүргэсэн төрдөө гомдож байна”.
Харин энэ асуудлаар 63-р сургууль дараах тайлбарыг өгч байна
Д.Цэндбалжин, 63-р сургуулийн нярав
Өнгөрсөн хугацаанд эцэг эхчүүд, сургуультай хамтарч автобусны түлшний мөнгийг шийддэг байсан
“Өнгөрсөн намраас хойш сургуулийн автобусны түлшний зардал тасарсан. Бид өнгөрсөн хугацаанд өөрдөөсөө болон эцэг эхчүүдийн тусламжтайгаар түлшний мөнгө бүрдүүлж, автобусаа явуулдаг байсан.

Харин он гарсаар асуудал хүндэрч, аргалах нөхцөлгүй болсон. Бидний санхүүжилт дүүргийн Боловсролын хэлтсээс хамааралтай. Асуудлыг цааш уламлжлахаар тодорхой хариу өгдөггүй. Түлшний зардал гэж сургуульд тусдаа төсөв бий. Бид хоёр автобусандаа 5 хоногт 1 сая төгрөгийн түлш хийх ёстой” гэв.

Тэгвэл 63-р сургуулийн автобусны түлшний зардлыг хэзээ шийдэх талаар бид нийслэлийн Боловсролын газраас тодруулахад, “Зөвхөн 63-р сургууль гэлтгүй төрийн өмчийн бүх сургуулийн автобус түлш болон бараа материалын зардалгүй байна. Багш нарын цалинг нэмэхтэй холбогдуулан сургуулиудын бараа материалын зардлын санхүүжилтийг түр зогсоосон. Хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байна” гэлээ.
Монгол Улсад тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан сургууль тийм ч олон биш. Гэтэл цөөхөн тусгай хэрэгцээт хүүхдийн сургуулиудын автобусны түлшний зардлыг олгож чадахгүй байна гэдэг нь эдгээр хүүхдийн сурч боловсрох эрх, хүсэл сонирхлыг хүндэтгэхгүй байхын зэрэгцээ, ээлгүй байгаагийн тод илрэл.
Багш нарын цалинг нэмэхийн тулд сургуулиудад олгох төсвөөс танаж болзошгүй
Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 110 мянга гаруй багш бий гэх судалгаа гарсан. Тэгвэл өнгөрөгч 2025 оны 10-р сард багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарласан. Хэлэлцээрийн үр дүнд 2026 оны 1-р сарын 1-нээс багш нарын цалинг 3.3 сая төгрөгт хүргэхээр болж, ажил хаялтыг зогсоосон. Ажил хаях үеэр Боловсролын сайд П.Наранбаяр “Багш нарын шаардаж буйгаар цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлбэл одоогийн 2.8 их наяд төгрөгийн төсөв дээр нэмээд, дахин 3.3 их наяд төгрөг шаардлагатай. Нийт 6.1 их наяд төгрөг шаардлагатай” гэж мэдээлсэн.
Тэгвэл энэ их хэмжээний мөнгийг гаргахад хүндрэл учирч, хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд халдаж эхлэв үү. Гэхдээ яагаад заавал тусгай хэрэгцээт сургуулийн автобусны зардлыг танаж, санхүүжилтийг нь зогсоов, сайд аа! Он гараад 20 гаруй хонож байхад багш нарын цалин бодитой нэмэгдээгүй гэх шүүмж олон нийтийн сүлжээнд өрнөж буй. Гэтэл салбар яам нь ямар аргаар, яаж нэмэх учраа ч олоогүй бололтой. Арга барсандаа сургуулиудад олгох төсвийг танаж, бүсээ чангалах чиглэл өгч мэдэхээр байна. Харин ингэснээр хүүхдүүдийн сурч боловсрох эрх ноцтой зөрчигдөх асуудлууд ар араасаа хөвөрч мэдэхээр байгаа юм.
