Өчигдөр автомашин шатсан гэх хоёр дуудлага ОБГ-т иржээ


Өнгөрсөн хоногт автомашин шатсан гэх хоёр дуудлага ОБГ-т ирсэн байна. Хэнтий аймгийн Хэрлэн суманд автомашин шатаж байна гэх дуудлага мэдээлэл өчигдөр /2026.01.27/ өдрийн 16:14 цагт ОБГ-т ирсэн бөгөөд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Mercedes Benz S500L” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Мөн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.01.27-ны өдрийн 22:52 цагт ОБГ хүлээн авсан ба тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн “Toyota Aqua” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, Ахлах дэслэгч Б.Ариунбат, “Хүйтний эрч нэмэгдсэнтэй холбоотойгоор олон хоног асаагаагүй автомашин хөлдөж улмаар асахгүй байх тохиолдол их гарч байна. Гэвч иргэдийн зүгээс автомашинаа асаахдаа ил гал гаргах мөн бамбар барих зэрэг аргыг ашиглаж байгаагаас шалтгаалан улмаар гал алдах тохиолдол их байна. Иймд иргэд та бүхэн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *