Нас нэмж, ухаан тэлсний баяр, Сар шинийн баяр хэдийнээ хаяанд ирлээ. Айл хотлоороо, ахан дүүсээ цуглуулаад, баярын гол зоог болох бууз, баншаа хийхээс гадна идээний дээд тавгийнхаа боовыг бэлддэг сэн. Харин өдгөө өөрсдөө хийхээс илүүтэй хамгийн амттай, шимтэй бүхнийг сонгож, худалдан авдаг болсон.
Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор бууз, баншны цехүүд болон хэвийн боовны үйлдвэрүүд хэдийнээ захиалгаа аваад эхэлжээ. Тэдний нэг бол “Сарнай бууз” цех болон “Шинэ сонголт” хэвийн боовны цех юм. Хөгжлийн бэрхшээлтэй хэмээн тэд халамж хүлээж суухгүйгээр хөдөлмөр эрхэлж, амттай шимтэй тавгийн идээ болон ахан дүүсээ дайлдаг буузыг сэтгэлээ шингээн хийдэг байна.
СБД, 14-р хороо, “Сарнай бууз”, “Шинэ сонголт” цех
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ аж амьдралыг залгуулахаар басхүү тэднийг нийгэмтэй хөл нийлүүлэн алхуулахаар хоёр бүсгүй сэтгэл шулуудан зориглосон аж. Тэдний нэг бол “Сарнай бууз” цехийн дарга, “Нэг ч иргэнийг ардаа орхихгүй” ТББ-ын тэргүүн Д.Дашдулам. Харин нөгөөх нь “Шинэ сонголт” цехийн дарга, “Гэрэлт цахим ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Тамжидмаа юм.
Тэд хамтдаа нэг байр түрээслэн, жижигхэн талбайтай гэж ч гололгүй аз жаргалтайгаар ажлаа үргэлжлүүлж байна. Басхүү тэд ч бас өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд.
“Сарнай бууз” цехийн дарга, “Нэг ч иргэнийг ардаа орхихгүй” ТББ-ын тэргүүн Д.Дашдулам бидэнд ярихдаа
Сарнай бол хамгийн гоё дэлбээлдэг цэцэг. Тиймээс эдгээр хөгжлийн бэрхшээлтэй залуусаа ч бас сарнай шиг дэлбээлээсэй гэж хүссэн учраас энэ нэрийг өгсөн

“Сарнай бол маш сайхан дэлбээлдэг цэцэг. Тийм учраас хөдөлмөрийн бэрхшээлтэй буюу эпилепси /унаж татдаг/ өвчтэй 10 хүнийг ажлын байраар хангаж, эднийгээ ч мөн адил сарнай цэцэг шиг дэлгэрч, дэлбээлж байхыг хүсэн энэ нэрийг өгсөн.
Тун удахгүй монгол түмний Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор бид маш завгүй ажиллаж байна. Захиалагч нар маань аль хэдийнээ буузаа захиалаад эхэлсэн. Амт чанар, мах бас өөрсдийн хүссэн амлагчаа ч хэлж болно. Гэхдээ сүүлийн жилүүдэд монгол хүн бүр л чихрийн шижин өвчтэй болж. Тиймээс хонины махнаас илүүтэй үхрийн махыг их сонгож байна. Мөн бид хэт их захиалга аваад, ачаалалтай ажиллаж болохгүй. Хэрэв тэгэх юм бол эд нар минь өвдөнө. Буузаа хийгээд сууж байхад хэн нэг нь “Ёох гээд л ёолоход би түүнийг нь мэдэрч, “Бүгдээрээ амраад, цайгаа ууя” гэж хэлдэг. Тэгэхээр бүгдээрээ л “Тэгье” гээд дуу нэгтэй зөвшөөрдөг дөө” гэв.
Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах байгууллага тун цөөн. Үүнийг ч цехийн ажилтан Б.Ганбат болон Н.Хишигдэлгэр нар бидэнд хэлэв.

Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан ч толгойдоо гэмтэл авч, унаж татдаг өвчтэй болсон. Нийгэм биднийг ажилд авдаггүй
Б.Ганбат “Би өмнө нь цагдаагийн байгууллагад ажилладаг байсан юм. Гэвч 2002 онд толгойдоо цохиулсны улмаас унаж, татдаг өвчтэй болсон. Тэгээд 2004 онд цагдаагийн байгууллагаасаа гарч, групп тогтоолгосон юм. Түүнээс хойш олон жил хөдөлмөр эрхлээгүй. Ажил хайгаад орох гэдэг ч биднийг ажилд авдаггүй. Харин энэ цехэд ажилд орсноос хойш сэтгэл санаа сэргээд, оюун ухаан ч сэргэг болж байгаа. Тиймээс бид үйлчлүүлэгч нартаа хамгийн сайхан амттай бууз хийж өгөхөөр сэтгэлээсээ ажилладаг” гэлээ.
Үйлдвэрийн нөгөө өрөөнд “Шинэ сонголт” цех үйл ажиллагаагаа явуулдаг. Тэд Сар шинийн баярыг угтан, хэвийн боов болон гүрмэл, зүсмэл боов хийж буй гэнэ.
Цехийн дарга, “Гэрэлт цахим ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Тамжидмаа
Бид сэтгэлээ шингээн хэвийн боовоо хийдэг

“Өмнө нь бага ангийн багшаар ажиллаж байсан юм. Гэнэтийн ослын улмаас бас эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж би хөгжлийн бэрхшээлтэй болсон. Тэр үед биднийг тахир дутуу хүмүүс гэж нэрлэдэг байсан. Тиймээс өөрийгөө 3 жил нийгмээс тусгаарлаж, дахин ажил хийхгүй гэж боддог байлаа. Гэхдээ сүүлд нь би энэ байдлаасаа, өөрөөсөө ичихээ байсан. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажиллах ёстойгоо би ойлгосон юм.
Тиймээс Баянхонгор аймагтаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажиллаж, төрийн бус байгууллага нээсэн. Гэвч дан ганц төрийн бус байгууллага ажиллах боломжгүй байсан учраас хэвийн боовны цех нээсэн. Харамсалтай нь хөдөө орон нутагт зах зээл муутай байсан учраас Улаанбаатар хотыг зорьсон.
Одоо манай цех 10 ажилтантай. Өглөө, оройн ээлжээр ажиллаж байна. Мөн бид сэтгэлээ шингээн хэвийн боовнуудаа хийж байна” гэсэн юм.

Үнийн мэдээлэл:
-Хэвийн боов 1 ширхэг- 5,500₮
-Гүрмэл 1 ширхэг- 6000₮
-Зүсмэл 1 ширхэг- 6000₮-өөр тус тус худалдаж байна. Мөн тэдний хэвийн боов болон бууз, баншийг худалдан авахыг хүсвэл “Их наяд” худалдааны төвийг зориорой.

One response to “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сэтгэлээ шингээн хэвийн боов, бууз хийж байна”
За ёстой сайхан мэдээ бна цаана чиньтэдийн засаг хямараад мсэс бооь хийж таван богд ууц өвчүү чанаж бна гэнэ тэгхэд хби ийн тбб д мундаг бна аа тэднээс дутхааргүй ккк