Өнгөрсөн 7 хоногоос эхэлсэн цахилгааны хязгаарлалтын улмаас иргэд цахилгаан шатанд суухаас айдаг болсон. Лифтэнд явах үед гэнэт тог тасраад, гацах вий гэхээс айх айдсыг ч “Чойжоо трамуа” гэж нэрлэх болов. Хэдийгээр өдөрт 2-3 удаа цахилгаан тасрах хуваарьтай ч бодит байдал дээр цагаасаа өмнө тасрах нь элбэг. Тог гэнэт тасарснаас болж, цахилгаан шатанд хүн гацаж байгаа юм.
Тог тасрах үед цахилгаан шат явж байсан газартаа зогсолгүй, доошоо унасан тохиолдол ч гарлаа. Цахилгаан шат яагаад доошоо унав. Унах нь хэвийн зүйл үү. Ер нь тог тасарсан үед цахилгаан шат яах ёстой юм бол?

Монгол Улсад цахилгаан шатны аюулгүй ажиллагаа, ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн үндэсний стандарт мөрдөгддөг. Тухайлбал:
- MNS ISO 4190 – Лифтний хэмжээ, суурилуулалтын ерөнхий шаардлага
- MNS ISO 14798 – Лифтний эрсдэлийн үнэлгээ, аюулгүй байдлын удирдлага
- MNS ISO 18738 – Лифтний явалтын чанарын шалгалт, хэмжилт
- MNS ISO 4101 – Лифтний татлагын техникийн шаардлага
Эдгээр стандартаар бол цахилгаан тасарсан тохиолдолд лифт автоматаар зогсох, зорчигчийг хамгаалах, дохиолол ажиллах, ослын үед гаргах системтэй байх ёстой ажээ. Гэвч цахилгаан байн байн тасрах нь лифт стандартын дагуу ажиллах нөхцөлийг алдагдуулах эрсдэл үүсдэг байна.
Нэг лифтчинд 10 лифт оногддог
Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатар:
-Одоогоор улсын хэмжээнд лифттэй орон сууцанд 1321 лифтчин ажиллаж байна. Өмнө нь хуучны байранд лифтийг өглөө асаагаад, орой унтраадаг байсан. Одоо бол 24 цаг явдаг болсон учраас 24 цаг тухайн лифтчин ажил үүргийн дагуу ажиллаж байгаа. 24 цаг ажиллуулж байгаа учраас ажиллах хүчин хомсдолтой. 10 лифтийг нэг хүн хариуцах байдалтайгаар явж байна. СӨХ-ны лифтчин эвдрэл гэмтлийг засдаггүй. Харин лифт гацсан тохиолдолд хүмүүсийг гаргаж, хяналт шалгалт хийн, урьдчилан сэргийлэх л үүрэгтэй.
Өмнө нь 1 лифтчин 4 лифт хариуцдаг байсан. Одоо 1 лифтчин 10 лифт хариуцан ажилладаг. Цахилгаан хязгаарлах хуваарь гарч байгаатай холбоотойгоор бид гэнэтийн эрсдэлд бэлтгэж, амарч байгаа лифтчидийг татан ажиллуулж байна.
Лифтчин:
-Цахилгаан өдөрт хоёр удаа тасарч байгаа. Тэр болгонд лифтэнд суусан хүмүүс гацах эрсдэлтэй. Үүнтэй холбоотойгоор дуудлага их ирж, ачаалал нэмэгдсэн. СӨХ-ны ажилчид тог тасармагц бүх байрныхаа лифтийг тогтмол шалгаж байгаа. Иргэд цахилгаан тасрах хуваарийг анхаарч, боломжтой үед лифт хэрэглэхгүй байх, ялангуяа өндөр настай хүмүүс, хүүхдүүд анхаарал болгоомжтой зорчих шаардлагатай.
