П.Б Өмнөговь аймгийн Ханбогд сумын нэгэн уурхайд ил уурхайн хүнд машин механизмын засварын хэлтэст ажиллаж байжээ. Түүнийг ажил олгогч нь Улаанбаатар хот дахь М засварын газарт дизель хөдөлгүүрийн техникчээр сэлгэн ажиллуулахаар болж, Б-д урьдчилан мэдэгдэлгүйгээр шилжүүлсэн байна.
Үүнийг Б эсэргүүцэн, “Миний хөдөлмөрийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, цалин хөлс, нэмэгдэл зэргийг дордуулж, өөр ажлын байранд ажиллуулах болсон. Удаа дараа дуудан айлган сүрдүүлж, тэвчишгүй байдал үүсгэсэн. Иймд өмнөх ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэж өгнө үү” хэмээн шүүхэд ханджээ.
Түүний гомдлыг анхан шатны шүүх хүлээн авч, “Хариуцагч байгууллага шийдвэр гаргахдаа ажилтнаас сэлгэн ажиллуулах талаар зөвшөөрөл аваагүй, харилцан тохиролцоогүй нь уулзалтын тэмдэглэл, мэйлд хийсэн үзлэгээр тогтоогдож байна” гэж үзээд, Б-г ажилд нь эргүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалин 112.6 сая төгрөгийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг ажил олгогчид нь даалгажээ.
Үүнийг ажил олгогч нь зөвшөөрөлгүй давж заалдсан байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч тус байгууллагад ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, тушаал гарсан талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Харин нотлох баримтыг дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас үйл баримтыг буруу дүгнэсэн. Талууд сэлгэн ажиллуулах талаар тохиролцсон байна” хэмээн дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ.
Тэгэхээр нь Б хяналтын шатны шүүхэд хандсан аж. УДШ өнөөдөр уг хэргийг хяанаад “Хэрэгт авагдсан тэмдэглэл, талуудын хүсэл зоргын илэрхийлэл, сэлгэн ажиллуулах тушаал гарснаас хойш нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын албан тушаалтнуудтай харилцаж байсан мэйл зэрэг баримтуудыг харьцуулан дүгнэхэд, ажилтныг сэлгэн ажиллахыг зөвшөөрч тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэн, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Ингэснээр ажил олгогч нь Б-г өмнөх ажилд нь эргүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалин 112.6 сая төгрөг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэх ёстой болж байна.
