Билл Гейтс эхнэрээ араар тавьж, орос бүсгүйчүүдээс өвчин авсан нь ил болжээ


Бэлгийн хүчирхийлэгч агсан Жеффри Эпштейний хэргийн баримт материалуудын сүүлчийн хэсгийг АНУ-ын Хууль зүйн яам 1-р сарын 30-нд нийтэд ил болгожээ. Нийт 3 сая хуудас бичиг баримт, 180 мянган гэрэл зураг, 2000 дүрс бичлэг үүнд багтсан байна.

Нью-Йоркийн нэртэй санхүүч, тэрбумтан агсан Жеффри Эпштейн 2008 онд 14 настай охиныг бэлгийн харилцаанд орохыг ятгасан хэргээр Флорида мужийн шүүхээс ял сонсож байв. Үүнээс 5 жилийн дараа 2019 онд илүү өргөн хүрээтэй бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдан шалгагдаж байхдаа тэр шоронд амиа хорлосон юм.

Шинээр ил болсон Эпштейний баримтууд дотор олны танил, улс төрд нөлөө бүхий олон хүний нэр ил боллоо. Үүнд реппер Jay Z, “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс, “SpaceX”-ын гүйцэтгэх захирал Илон Маск, АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон зэрэг олон хүн багтжээ.

Билл Гейтс эхнэрээсээ нууцаар орос бүсгүйчүүдтэй унтаж, бэлгийн замын халдварт өвчин авч байсан тухай:

“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтстэй холбоотой ноцтой баримт баасан гарагт нийтлэгдсэн материалуудад багтсан байв. 2013 оны 7-р сарын 18-ны өдөр Эпштейний ноороглосон имэйлд “Билл Гейтс орос бүсгүйчүүдтэй унтсаныхаа дараа авсан бэлгийн замын халдварт өвчнөө эмчлэх эм хэрэг болсон” тухай, мөн “Билл Гейтс өвчин авснаа тухайн үед эхнэр нь байсан Мелинда Гейтсээс нуух гэж оролдон, эхнэртээ нууцаар антибиотик уулгаж байсан” тухай бичсэн байжээ.

Билл Гейтсийн хэвлэлийн төлөөлөгч Эпштейний материалуудыг “Ямар ч утга учиргүй, худал мэдээлэл” хэмээн үгүйсгэж, “Билл Гейтсийг харилцаагаа тасалсанд Жеффри Эпштейн бухимдсандаа түүнийг гүтгэхийг чармайж байсныг эдгээр зүйл харуулж байна” гэж тайлбарласан байна. Харин Билл Гейтс өөрөө энэ талаар ямар нэг тайлбар өгөөгүй байгаа юм.

2021 онд “The Wall Street Journal” сонинд мэдээлснээр Билл Гейтс 2019 онд Жеффри Эпштейнтэй уулзсан талаарх мэдээлэл олон нийтэд цацагдаж эхлэх үед Мелинда Гейтс нөхрөөсөө салах хүсэлт гаргахаар хөөцөлдөж эхэлжээ. Мелинда Гейтс 2022 онд CBS-д өгсөн ярилцлагадаа “Түүнээс салахад Билл Гейтс Эпштейнтэй холбоотой байсан нь маш их нөлөөлсөн” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: New York Times


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *