Улаанбурхан өвчний дэгдэлт болон вакцинтай холбоотой түгээмэл асуултуудад ЭМЯ-аас дараах хариултыг өглөө.
-Вакцин аутизм үүсгэдэг үү?
-Вакцин ба аутизмын хооронд ямар ч хамаарал байхгүй гэдгийг олон улсын судалгаанууд баталсан. Аутизм нь удамшил, тархины хөгжлийн онцлогтой холбоотой. Дэлхий даяар олон сая хүүхэд вакцин хийлгэсэн ч аутизм нэмэгдсэн нотолгоо байхгүй. “Вакцин аутизм үүсгэдэг” гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдаагүй, худал мэдээлэл юм.
-Энэтхэг улсад үйлдвэрлэсэн вакцин чанартай юу?
-Вакцин аль улсад үйлдвэрлэснээс үл хамааран олон улсын чанар, аюулгүй байдлын шалгалтыг давж байж хэрэглэгддэг. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн вакциныг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон 170 гаруй улс ашигладаг байна. Манай улсад орж ирж буй вакцинууд чанарын баталгаатай, хяналттай байдаг ба вакцины чанар нь үйлдвэрлэсэн улсаар бус, шалгалт ба баталгаажуулалтаар тогтоогддог.
-Нэмэлт дархлаажуулалт нь туршилт уу?
-Нэмэлт дархлаажуулалт нь дэгдэлт, эрсдэлтэй үед дэлхий даяар хэрэглэгддэг түгээмэл арга. Өмнө хийлгэсэн вакцины дархлааг баталгаажуулах зорилготой. Туршилт биш, олон жилийн турш хэрэглэгдэж ирсэн практик юм. Мөн нэмэлт дархлаажуулалт нь хүүхдийг хамгаалах урьдчилан сэргийлэх арга.
-Эрүүл хүүхдэд вакцин хэрэгтэй юу?
-Улаанбурхан нь маш өндөр халдварлах чадвартай өвчин. Эрүүл харагдаж буй хүн халдвар тээгч байх боломжтой. Вакцин нь өвдөхөөс өмнө хамгаалалт үүсгэдэг, өөрөөр хэлбэл өвдсөн хойно биш, өвдөхөөс өмнө хийдэг хамгаалалт юм.
