Багш, ажилчдын цалингийн нэмэгдэлтэй холбоотой маргаан, ойлголцлын зөрүү гарч байгаа тул дараах түгээмэл асуултуудад Боловсролын яам хариулт өглөө.
-Хэдийгээр үндсэн цалин 50 хувь нэмэгдэж байгаа ч зарим багш нарын нийт цалингийн дүн буурсан гэсэн гомдол нэлээд гарч байна. Үүнд тайлбар өгнө үү?
-Багш, ажилчны үндсэн цалинг 50 хувиар нэмсэн бөгөөд нийт дүнгээр авч үзвэл дунджаар 30 орчим хувийн өсөлт гарч буй. Өмнөх цалингаас буурах боломжгүй. Мөн жил бүрийн 1 дүгээр сард сургуулийн амралт таардаг учраас илүү цаг бараг байдаггүй. Үүнтэй холбоотой.
-Зарим сургууль, цэцэрлэгт төсвийн санхүүжилт нь дутуу хийсэн учраас нэмэгдэл дутуу орсон, цалин дутуу бодогдсон гэх мэт гомдлыг багш нарын зүгээс нэлээд илэрхийллээ. Үнэхээр хуваарьт төсөв нь дутуу хийсэн газар байгаа юу?
-Цалин олгохтой холбоотой төсвийн хуваарь хийж, түүний дагуу санхүүжилт бүрэн олгосон. Шилжилтийг үе шаттай хийх үүднээс 1 дүгээр сард нэмсэн цалингаар олгож байгаа ба нэмэгдлүүдийг тохируулах шаардлага үүсээд буй.
Батлагдсан төсвийн хүрээнд төсвийн шууд захирагч нар ур чадвар, унаа хоолыг олгохоор байна. Хэрэв унаа, хоол, ур чадварын нэмэгдлээс бусад нэмэгдэл дээр зөрүү үүссэн бол дараа сарын цалин олголтоор залруулна.
-Илүү цагийн хөлсийг нэмэгдсэн үндсэн цалингаас бус хуучин үндсэн цалингаас тооцсон байнагэх гомдол ирсэн. Үүнийг аль цалингаас тооцохоор журамласан бэ?
-Илүү цагийн нэмэгдэл хөлсийг нэмсэн цалингаас тооцон олгох ёстой. Ингэхдээ хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцно.
-Багш нар цалингийн задаргаагаа нийгмийн сүлжээнд дэлгэснээс харахад “цалингийн зөрүү” гэсэн тайлбартайгаар хассан дүн харагдаж байна?
-Зарим төрлийн нэмэгдлийг шинэ үндсэн цалингаас, зарим нэмэгдлийг нэрлэсэн цалингаас тооцох ёстой.
Гэвч төрийн албаны цалингийн нэгдсэн системийн хөгжүүлэлт дуусаагүй байгаа тул үүнийг ялгаж тооцоолох нөхцөл хараахан бүрдээгүй байна. Иймд эхлээд бүх нэмэгдлийг шинэ үндсэн цалингаас тооцож, дараа нь нэрлэсэн цалингаас тооцох нэмэгдлүүдийн зөрүүг хассан.
