-“Nan-1” сүүн тэжээлийг өгснөөс хойш хүүхэд маань бөөлжиж, гүйлгээд эмнэлгээс гарсан. Энэ асуудлаар хаана хандах вэ?”
–“Nan” сүүнээс хортой бактери илэрсэн гэх. Монголд зарагдаж байгаа нь аюулгүй юу?”
-“Nan” сүү хүүхддээ өгч байсан. Сэтгэл сэвтэй байна” гэх мэтчилэн сэтгэгдэл сүүн тэжээл худалдан авдаг аав, ээжүүдийн группт хөвөрнө.

Хүүхдийн сүүн тэжээлүүдээс хорт бодис илэрсэн байж болзошгүй мэдээллийг 1-р сарын 6-нд “BBC” агентлаг цацжээ.

Ингээд Монголд Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хамтарч, “NAN” сүүн тэжээлийн зарим нэр төрлийг зах зээлээс татан авч байгаа талаар мэдээлж, сэрэмжлүүлэг гаргасан. Ийнхүү Монголд импортолсон “Nan” сүүн тэжээлээс хортой байж болзошгүй гэх 14 мянган тэжээлийг 2-р сарын 2-нд устгалаа.


“Nan” сүүн тэжээлээс хорт бодис илэрсэн байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаад 20 гаруй хонож байхад дахин өөр нэг сүүн тэжээлээс хортой бодис илэрсэн байж болзошгүй мэдээллийг Эрүүл мэндийн яам гаргалаа. Франц улсын “Vitagermine” компанийн “BABYBIO” брэндийн “Optima 1” нэр төрлийн нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын бүтээгдэхүүнд “Bacillus cereus” нян илэрсэн байж болзошгүй гэнэ. Үүнтэй холбогдуулан уг сүүг зах зээлээс буцаах болон татан авах тухай шийдвэр гаргасан байна. Ингээд АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. Татан авалтад

Дээр дурдсан цувралын дугаартай “BABYBIO” брэндийн “Optima 1” нялхсын сүүн тэжээлийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг дахин анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар Дэлхийн улс орнуудад уг бүтээгдэхүүнтэй холбоотой хүнсний хордлого бүртгэгдээгүй байгаа ч Монгол Улсын зах зээлд нийлүүлэгдсэн “BABYBIO” “Optima 1” нэр төрлийн дараах 2 цувралын бүтээгдэхүүнийг “Vitagermine” компанийн 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн дагуу сайн дурын үндсэн дээр зах зээлээс буцаах болон татан авч байгаа гэх мэдэгдэл гаргажээ.
1-р сарын 31-нд Францын “RFI” сайтад “Францын эрх баригчид 12-р сард болон 1-р сард хортой сүү уусны улмаас нас барсан байж болзошгүй хоёр хүүхдийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ” гэх агуулгатай мэдээлэл цацагджээ. Гэхдээ ямар компанийн сүүн тэжээл болох нь тодорхойгүй аж.

Ямартай ч Франц улсад үйлдвэрлэсэн гэх “Optima 1” сүүг хэрэглэхгүй байхыг Эрүүл мэндийн яам сануулаад буй.

Ийн мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш Монголд “BABYBIO” сүүн тэжээл хэрэглэгчдийн группт ээжүүд “Хүүхдийн өтгөн өөр өнгөтэй болж хатсан”, “Шарлалт ихэссэн” гэх нийтлэг шинж тэмдэг дурджээ. Мөн хүүхдийнхээ эрүүл мэндийн талаар сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ.

Хорт бодис илэрсэн байж болзошгүй гэх сүүн тэжээлийг ууснаар хүүхдэд нь зовиур илэрсэн бол ХӨСҮТ-ийн 100 дугаарт хандах боломжтой
Уг бүтээгдэхүүнийг өмнө нь худалдаж авсан бол хүүхдэд өгөхөө нэн даруй зогсоож, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100 дугаарын утсанд хандан, зөвлөгөө авахыг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.
Ц.Отгонбор: “ByHeart Whole Nutrition Infant Formula”, “Nan”, “BABYBIO”, “Optima 1” нэрийн сүүн тэжээлийг улсын хилээр нэвтрүүлэхгүй
Тэгвэл Монголд хүүхдийн сүүн тэжээл импортоор хэрхэн оруулдаг, ямар хяналт шалгалт хийдэг талаар ГЕГ-ын Хорио цээрийн хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Ц.Отгонбороос тодрууллаа.
–Гаалийн байгууллагаас хүүхдийн сүүн тэжээлийг хилээр хэрхэн нэвтрүүлдэг вэ?
-Нялхсын сүүн тэжээл бол өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүн. Эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтаар “улаан төлөв”-өөр үнэлэгдэж, бичиг баримтын болон бараанд тавих хяналтад хамрагддаг.
-Хүүхдийн сүүн тэжээлийг импортлоход ямар шаардлага тавьдаг вэ?
–Бичиг баримтын хяналт шалгалтад Гаалийн тухай хуулийн 60.3 дахь заалтад заасны дагуу гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэх, тээврийн бичиг баримт болон хуульд заасан бичиг баримт шаардана.
Хуульд заасан бичиг баримт буюу Хүнсний тухай хуулийн 1 дүгээр зүйлд Хүнс экспортлох, импортлоход тавих шаардлагад “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно”, “Экспортлогч улсын үйлдвэртэй шууд, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай худалдааны гэрээ байгуулсан байх”, “Импортлох хүнс нь зохистой дадал, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснийг баталгаажуулсан үйлдвэрийнх байх”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 13.2 “Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлт Монгол Улсын болон олон улс, бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шаардлага хангасан байна” гэж заасан байдаг.
Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн 5, 6, 7 дугаар зүйлд заасны дагуу бүтээгдэхүүний найрлага, сав баглаа боодол, шошгонд тавих ерөнхий шаардлага хангасан байх шаардлага тавьдаг. Түүнчлэн Эрүүл ахуйн тухай хуулийн 8.2.-т “Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй, өндөр эрсдэлтэй мал, амьтны гаралтайгаас бусад түүхий эд, бараа бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл экспортлох, импортлоход эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулна” гэж заасны дагуу нялхсын сүүн тэжээл импортлогч аж ахуйн нэгж нь Эрүүл мэндийн яамны Салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт тухайн бүтээгдэхүүний загвар дээжийг шинжилгээнд хамруулах хүсэлт гаргаж, эрүүл ахуйн чанар, аюулгүй байдлын дүгнэлт авсан байна. Тухайн бичиг баримтыг гаалийн байгууллага нь бүрдүүлэлтийн үе шатанд мэдүүлэгчээс шаардана. Бараанд хяналт хийх явцад бичиг баримттай тулган, хяналт шалгалт хийж, хилээр нэвтрүүлдэг.
-Монголд хүүхдийн сүүн тэжээл оруулж ирдэг хэчнээн компани байдаг вэ?
–Гаалийн байгуулагад 2025 оны байдлаар нийт 29 аж ахуйн нэгж нялхсын сүүн тэжээлийг 1901.10.00 барааны кодоор мэдүүлж, импортолсон байна.
-Сүүлийн үед “Neste” компанийн “Nan”, “Vitagermine” компанийн “babybio” гэх мэт сүүн тэжээлээс хорт бодис илэрсэн байж болзошгүй гэх сэрэмжлүүлэг мэдээлэл гарч эхэллээ. Энэ асуудалд Гаалийн ерөнхий газар хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
-Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдэгдэлд үндэслэн “ByHeart Whole Nutrition Infant Formula”, “Nan”, “BABYBIO” брэндийн “Optima 1” нэрийн сүүн тэжээлийн тодорхой цуврал бүтээгдэхүүний тухай мэдээллийг харьяа газар, хороодын гаалийн улсын байцаагч нарт албан ёсоор танилцуулж, улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, бусад цувралын бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд /бациллус цереус нян болон бусад үзүүлэлтүүд/ бүрэн хамруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, бичиг баримтын болон бараанд хийх гаалийн хяналтыг чангатгаж ажиллахыг үүрэг болгон ажиллаж байна.
ЭМЯ эцэг, эхчүүдийн зовнилыг тайлах мэдээллээр хангасангүй
Хүүхдийн сүүн тэжээлд хорт бодис илэрсэн байж болзошгүй талаарх мэдээлэл өнгөрсөн 1 дүгээр сард цацагдсан. Ийм мэдээлэл цацагдсанаас хойш Эрүүл мэндийн яам сэрэмжлүүлэг мэдээллийг бичгээр түгээхээс өөр ажил хийсэнгүй. Тухайн сэрэмжлүүлэгт эцэг, эхчүүдийн зовнилыг тайлах мэдээлэл байсангүй.
Тухайлбал: Тухайн сүүн тэжээлд илэрсэн хорт бодис ямар сөрөг нөлөөтэй вэ? Ямар учраас ийм бодис илрэв. Яагаад хүүхдийн сүүн тэжээлд хортой бодис байгаа юм бэ? Энэ хортой бодис агуулсан байж болзошгүй сүүг уусан бол хүүхдэд нь ямар шинж тэмдэг илэрч болзошгүй вэ? Гэх мэт асуултад хариулт алга.
Эцэг, эхчүүдийг хэзээ энэ талаарх мэдээллээр хангах талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Хортой байж болзошгүй сүүн тэжээлүүдийг татаж, төрийн байгууллагууд хамтарч, гарч болох эрсдэлээс сэргийлж байна. Энэ талаар нэгдсэн мэдээлэл өгнө” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Ямар сөрөг үр дагавартай болох талаар тодорхой мэдээлэл гаргаагүйд хэрэглэгчид бухимдаж байна. Мэдээлэл дутмаг, холбогдох байгууллагууд яст мэлхий мэт удаан байна. Үүнээс улбаалж эрсдэл гарвал хэн хариуцлага хүлээх вэ, Эрүүл мэндийн сайд аа!
