Олон сар хонь, чоно шиг муудалцсан Густаво Петро, Трамп хоёр найрамджээ


Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро энэ сарын 3-нд АНУ-д айлчилж, Цагаан ордонд Трамптай уулзжээ. Батлан хамгаалах яам болон хууль сахиулах албаны ажилтнуудын асуудлыг шийдвэрлэх зорилготой энэ уулзалтаар талууд хар тамхитай холбоотой гэмт хэрэг, худалдаа, хамтын ажиллагааг хэлэлцжээ.

Тэд олон сарын турш муудалцаж, хоорондоо хатуу үгс шидэлцэж байсан билээ. Хоёр Ерөнхийлөгч уг уулзалтаа “Үр өгөөжтэй” хэмээн тодорхойлсон байна.

Трамп Колумбын Ерөнхийлөгч Густаво Петрог “Кокайн үйлдвэрлэж, АНУ-д борлуулах дуртай өвчтэй хүн” гэж хэлж байсан нь саяхан. Харин Петро хариуд нь Трампыг “Алуурчин” хэмээж, Адолф Гитлертэй зүйрлэж байсан аж. 1-р сарын 3-нд АНУ-ын арми Венесуэл рүү халдаж, Мадурог баривчилсны дараа Густаво Петро АНУ-ыг шүүмжилж, Трампад “Чаддаг юм бол Колумбад ирээд намайг бариарай” хэмээн өдөж байлаа. Үүний дараа Трамп шаардлагатай бол Колумб руу халдана хэмээн ахин дахин сүрдүүлж байсан.

Густаво Петро хаалттай уулзалтынхаа үеэр Трампад колумб кофе, эхнэрт нь гоёлын даашинз бэлэглэсэн байна. Харин Трамп Петрод гар барьж байгаа хоёр хүний зураг бэлэглэхдээ дээр нь “Би Колумб улсад хайртай” хэмээн бичсэн байжээ.

Эх сурвалж: Los Angeles Times


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *