Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу дутуу нүүлгэсэн асуудал тус сайдынх нь толгойн өвчин болж байна. Гэвч салбарын сайдад ажлаа хэрхэн цэгцлэх талаар ямар ч шийдэл алга. “Дархан луу нүүсэн нь буруу болжээ” гэдгээс илүү тайлбар хэлж чадахгүй байгаа М.Бадамсүрэн өнөөдөр “Ерөнхий сайдын шийдвэрийг дагана” гэдгээс өөр үг хэлсэнгүй.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Судалгаа хөгжлийн төв, Жижиг, дунд үйлдвэрийн газар, лабораториуд Улаанбаатарт үлдсэн бол Малын удмын сан, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн корпорац, Батлан даалтын сан Дархан луу нүүжээ. Одоогийн байдлаар Дархан луу нүүсэн яамны 60 гаруй ажилтанд орон сууцны урьдчилгаа болгож, 4 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. 2025 оны эцэст тус яамны 51 ажилтанд байрны урьдчилгаанд 3,2 тэрбум төгрөг олгосон байв. Өнгөрсөн 2 сарын хугацаанд уг мөнгө нэмэгджээ.
М.Бадамсүрэн сайд аман дээрээ асуудлыг өөрөөсөө түлхэж, Ерөнхий сайд руу чихэж байгаа ч яам нүүлгэх процесс үргэлжилсээр байж магадгүй байгаа юм
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг нүүлгэх тогтоолыг УИХ гаргасан. 2026 оны улсын төсөвт Дархан-Уул аймагт Хөдөө аж ахуйн сургуулийн салбар нэгжийг байгуулах ТЭЗҮ хийх төсвийг суулгасан байсан ч сүүлд хассан байдаг.
Нийслэлийн төвлөрлийг бууруулах зорилгоор ХХААХҮЯ-ыг орон нутагт нүүлгэхээр уг нь шийдсэн. Нэгэнт эхэлсэн ажлаа дуусгах уу, эсвэл нүүлгэсэн салбар, нэгжээ эргүүлэн татах уу гэдэг шийдлийн аль нь ч бодлого тодорхойлох учиртай М.Бадамсүрэн сайдад алга. Уг нь салбарын сайд асуудлаа ЗГ-ын хуралдаан, парламентад оруулж асуудлыг нэг талд нь шийдэх бүрэн эрх мэдэлтэй субьект. Гэвч М.Бадамсүрэнд тэр эрх мэдэл байна уу гэдэг нь эргэлзээтэй байна.
