Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камер суурилуулж, нэгдсэн системд холбон, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж ажиллаж байна. Үүний үр дүнд өмнө нь цагдаагийн алба хаагч уулзвар зохицуулахад хоногт 16 цаг ажилладаг байсан бол ухаалаг камерын систем нэвтэрснээр 10 цаг ажиллаж, ачааллыг тэнцвэржүүлсэн. Мөн нийт 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хассан байна. Түүнчлэн ухаалаг хяналтын камераар замын хөдөлгөөнд 24/7 цагаар хяналт тавих боломж бүрдэж, авто замын гэрлэн дохио болон бусад тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг хугацаа алдалгүй илрүүлж, засварлаж байна. Ухаалаг камерын систем нэвтрүүлэхээс өмнө гэмтэл саатлыг засварлахад зарцуулах дундаж хугацаа 7-14 хоног байсан бол ухаалаг камерын систем нэвтрүүлсний дараа гэмтэл саатлыг цаг тухайд нь илрүүлж, 0-3 хоногт засварладаг боллоо. Энэ нь олон хоногийн хугацаа хэмнэж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаас гадна алба хаагч, ажилчдын ажиллах цаг, ачааллыг хуваалцаж байгаа талаар ЗХУТ-өөс мэдээллээ.

