Нас барсан хүний өрийг хамтран амьдрагчаас нь нэхсэн банк хоосон хоцорлоо


Иргэн Ц.М 2016 онд “Г” ХК-тай зээлийн гэрээ байгуулж, жилийн 19.2%-ийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар 10.6 сая төгрөг зээлжээ. Түүн дээрээ 2017 онд 7 сая төгрөг нэмж зээлэн, үндсэн зээл, хүүтэйгээ нийт 14.7 сая төгрөгийн өр тавьсан байна. Тэрээр уг зээлээ төлөхгүй явсаар 1238 хоног буюу 3 жил өнгөрөхөд, үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нийлээд 17.1 сая төгрөгийн өртэй болсон аж. Гэвч Ц.М уг өрөө төлж чадалгүй 2019 оны 11-р сард нас барсан байна.

Тиймээс “Г” ХК өрөө авахын тулд Ц.М-тэй хамтран амьдарч байсан С.О-г хууль ёсны өвлөгч гэж үзэн, “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ”, “Өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж үзэн, С.О-с 17.1 сая төгрөг нэхэмжлэн, шүүхэд өгчээ.

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025.06.20-нд уг нэхэмжлэлийг хэлэлцээд “Хариуцагч С.О нь нас барагч Ц.М-н хууль ёсны өвлөгч биш боловч 2010 оноос хойш Ц.М-тэй хамт амьдарч байх хугацаандаа банкнаас зээл авч, гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан байх Ц.М-н авсан уг зээлийг тэдний дундын өмч гэж үзнэ” гээд 17.1 сая төгрөгийн бараг тал болох 6.9 сая төгрөгийг С.О-с гаргуулж, “Г” компанид өгөхөөр шийдвэрлэжээ. Үлдсэн 10.2 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Үүнийг “Г” компани эсэргүүцэн, С.О-г бүх мөнгийг төлөх ёстой хэмээн нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Уг шүүх 2025.10.20-нд уг гомдлыг хэлэлцээд “Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь талийгаач Ц.М-н өвийг хүлээн авсан болох нь тогтоогдоогүй боловч хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй. Иргэний хуулийн 535.1-т “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж заасан” хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээжээ.

УДШ 2026.02.03-нд уг гомдлыг хянаад “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл адил боловч хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх хуулийг зөв хэрэглээгүй. Банк С.О-той зээлийн гэрээ байгуулаагүй учир банк бусдын зээлийн гэрээг үндэслэж, түүнээс 17.1 сая төгрөг гаргуулах эрхгүй. С.О нь талийгаачаас өв хүлээн аваагүй. Иймд түүнээс бусдын өрийг төлөхийг шаардах эрх үүсээгүй” гэж дүгнэжээ.

Ийн “Г” банк 17.1 сая төгрөгөө С.О-гоос нэхэх эрхгүй, С.О ч уг банканд хамтран амьдрагчийнхаа өрийг төлөхгүй боллоо. Учир нь С.О нь талийгаачтай хамтран амьдарч байсан ч нас барахад нь түүний хөрөнгийг өвлөж аваагүй. Бас банкнаас зээл авахад нь хамтран зээлдэгчээр оролцоогүй ажээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *