13 настай хүү 4 км сэлсний ачаар далайд гацсан гэрийнхнээ аварч чаджээ


Австралийн далайн эрэгт өнгөрсөн баасан гарагт болсон завины ослын үеэр 13 настай Остин Аппелби хүү ер бусын зориг гаргаж, далайд гацсан ээж болон хоёр дүүгийнхээ амийг аварчээ. Тэдний гэр бүл Авсралийн баруун хэсгийн Квиндалап хотын далайн эргийн ойролцоо завиар аялж байх үед хүчтэй давалгааны улмаас тэдний сууж явсан завь хөмөрч, Остин Аппелби 47 настай ээж Мишель болон 8, 12 настай хоёр дүүгийнхээ хамт эзгүй далайд хаягджээ. Тэд аврах хантаазтай байсан хэдий ч далайн урсгал тэднийг эргээс улам холдуулсаар байлаа.

Энэ мөчид 13 настай Остин Аппелби “Би тусламж аваад ирье” гэж хэлээд эрэг рүү сэлж эхэлсэн байна. Аврах хантааз сэлэхэд нь саад болоод байсан тул тэрээр аврах хантаазаа тайлаад сэлжээ.

Остин нийт 4 километр замыг сэлж туулахдаа айдас, ядрахыг умартан, гэр бүлийнхнээ бодсоор эрэгт хүрч чадсан юм. Тэрбээр оройн 18:00 цагт эрэгт хүрснийхээ дараа ойролцоох айлд очиж, аврах албаныханд гэр бүлийнхнийхээ байгаа байршлыг нарийн зааж өгсөн байна. Аврах багийнхан Остины гэр бүлийнхнийг 20:30 цагийн үед олж очжээ.

Тэднийг нисдэг тэргээр очиход түүний ээж болон дүү нар нь хөмөрсөн завинаас зуурсан хэвээр байжээ. Тэд Остины ээж, хоёр дүүд яаралтай тусламж үзүүлсний дараа эмнэлэгт аваачсан байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *