Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2026 оны удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн болж, орон нутгийн нэгжийн удирдлагууд оролцож байна. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Засгийн газрын бодлого, зорилтын талаар товч мэдээлэл өгч, албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.
Баялгийн хулгайтай хийж буй тэмцлийн үр дүнд барагдуулсан төлбөрийг Үндэсний баялгийн санд хуримтлуулах, мөн төрийн тусгай алба хаагч болон эмч, багш нарыг орон сууцжуулах бодлого баримтлан ажиллана гэлээ.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд орших Нүүрстэйн амны нүүрсний уурхай, Төв аймгийн Лүн сумын нутагт дахь Авдар уулын боржин чулуу олборлох үйлдвэрийг сэргээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус байгууллагын удирдлага болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт үүрэг болголоо.
Шүүхийн шийдвэр гарсан л бол хэрэгжиж, иргэдийн хохирол барагдаж байх ёстой, хууль тэгш үйлчилдэг байх ёстой. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааны бүх шатанд хүний эрхийг дээдлэх, хуулийг сахин биелүүлж ажиллахын зэрэгцээ баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг цаг алдалгүй, шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо.
Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах, шударга ёсыг эцэслэн баталгаажуулдаг хууль зүйн салбарын тулгуур баганын нэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь улсын дотоод аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх, иргэдийн амар тайван байдлыг хангаж, гэмт этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, нийгэмд учруулах хор уршгийг нь бууруулах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх нэн хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүний ажиллах орчин, аюулгүй байдлыг хангах, нийгмийн баталгааг дээшлүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, дэлхийн хөгжлийн чиг хандлагад тулгуурласан дэвшилтэт технологийг нэвтрүүлэх бодлогыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” буюу Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үндсэн зорилго эдийн засгийн тусгаар тогтнолын аюулгүй байдлыг сахин хамгаалах юм. Монгол түмний хүсэл, итгэл найдвар хуулийн засаглал, нийгмийн шударга ёсыг сэргээн тогтоох, баялгийн хулгай болон авлига, хээл хахуультай тууштай тэмцэх зорилгоор “Цэгцрэх хөдөлгөөн”-ийг улс орон даяар эхлүүлснийг Ерөнхий сайд онцлоод баялгийн хулгайтай тэмцэх ажлыг эрчимтэй өрнүүлж байгааг уулзалтын үеэр хэллээ.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 105 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол оронд Ардын хувьсгал ялж, байнгын ажиллагаатай Засгийн газрыг 1921 онд таван яамтайгаар шинээр байгуулахад Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамны харьяанд тусгайлсан нэгж байгуулсан нь орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндэс, суурь тавигджээ.

