Цэцэрлэг, сургуулийн багш, ажилчид цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, 10-р сард тайван жагссан. Энэ жагсаал үр дүнд хүрч, багш нарын цалинг 1-р сарын 1-нээс эхлэн шат дараатайгаар 3.5 сая төгрөгт хүргэх хэлэлцээр хийсэн ч бодит байдал дээр хэлэлцээр хэрэгжсэнгүй гэж боловсролын салбарынхан үзэж байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо багш, эмч нарын цалинг нэмэх тухай Засгийн газрын шийдвэрүүд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан.
П.Наранбаяр аа! 700 гаруй сургуулийн захирал, 30 гаруй коллежийн захирлыг шар махтай нь битгий хатаагаад бай
Энэ асуудалтай холбогдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-1-рт, П.Наранбаяр 2026 оны улсын төсвөөр 620 саяыг багш нарын цалин нэмэх зорилгоор батлуулсан. Гэтэл төсөв батлуулсны дараа боловсролын салбарын 93 мянган хүний цалин нэмэх асуудлыг хөндсөн. Угтаа боловсролын салбарын 2025 оны гүйцэтгэлд 93 мянган хүний цалингийн сан 2.7 их наяд. Үүнийг 50 хувиар нэмэхэд 1.3 их наяд хэрэгтэй. Гэтэл 620 тэрбум төгрөг батлуулчхаад, байхгүй зүйлийг тал еэвэнгийн үлгэр шиг зүйл ярьж, багш нарт цалин нэмэгдсэн мэт ойлголт өгч байна. П.Наранбаяр тооцоогоо дутуу хийсэн. Үйлдвэрчний эвлэлтэй маш муу хэлэлцээр хийсэн. 130 мянган багш, ажилтнуудынхаа 1.3 их наяд төгрөгийн цалингийн нэмэгдлийг 620 тэрбум төгрөгөөр батлуулсан.
2-рт, П.Наранбаяр өөрөө дур мэдэн, цалингийн бүтцэд өөрчлөлт хийсэн. 3-рт, Боловсролын салбарын шинэчлэл хот хөдөөгийн сургууль, төрийн болон хувийн сургуулиудын ялгааг арилгах шинэчлэлийн механизм нэг хүүхдээ сургах хувьсах зардлын тогтолцоо нь байсан. П.Наранбаяр үүнийг эвдэж, урьдын адил цалингаа, урсгал зардлаа санхүүжүүлдэг болгочихсон. Хувьсах зардлын тогтолцоогоор боловсролын салбарт 6 том реформ зарласан. Энэ мэт улс төрийн 3 том алдаа гаргасан. Тэгэхээр П.Наранбаяр сайд аа! Ерөнхий сайддаа үнэнээ хэлчих. Хувьсах зардлын тогтолцоог буцаан сэргээ.
Ямар нэгэн байдлаар төрийн сайдын дамжаа дамждаг хүн сайд байж болохгүй. 2 жил болоход хувьсах зардлыг ойлгоогүй. Мөн дэд сайд нь нэгдүгээр ангид хэдэн хичээл ордгийг мэдэхгүй 11 хичээлийг 6 болгоно гэх мэт зүйл яриад сууж болохгүй.
Монголд үйл ажиллагаа явуулж буй 1000 гаруй цэцэрлэгийн эрхлэгч, 700 гаруй сургуулийн захирал, 30 гаруй мэргэжлийн коллежийн захирлуудыг шар махтай нь битгий хатаагаад бай. Байхгүй мөнгийг байгаа мэтээр тал еэвэнгийн үлгэр шиг зүйл битгий ярь!
