Э.Амарбат прокурорын хахууль авах хэргийг хэрэгсэхгүй болгож, 27 сая төгрөгөөр торгов


Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд энэ оны 1 дүгээр сарын 20-нд эхэлсэн шүүх хурал өнөөдөр шийдвэрээ гаргаж, Б.Мандахбаяр, Ц.Гантулга, П.Энхтогтох, Э.Амарбат, П.Одонтунгалаг, Б.Батсүх нарыг гэм буруутайд тооцож, ял оноолоо. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор асан Э.Амарбат, “Баянхотгор” компанид удирдах албан тушаал хашиж байсан Б.Мандахбаяр, өмгөөлөгч П.Одонтунгалаг, хуучнаар ШШҮХ-д эрх бүхий албан тушаал хашиж байсан Ц.Гантулга, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан П.Энхтогтох, хуульч Б.Батсүх, Ш.Батхолбоо нарыг эрүүгийн хэд хэдэн хэрэгт холбогдуулан, нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн юм.

Тэд албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, өгсөн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан хэрэгт холбогдсон бол Б.Мандахбаяр бусдын эд хөрөнгийг залилсан, бусдыг амиа хорлоход хүргэсэн гэж буруутгагдсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр Б.Мандахбаяр, Ц.Гантулга, П.Энхтогтох, Э.Амарбат, П.Одонтунгалаг, Б.Батсүх, Ш.Батхолбоо нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцсон оролцоо, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал, улсын яллагчийн ялын санал дүгнэлт, өмгөөлөгч нарын тайлбар, улсын яллагчийн саналын хүрээнд хэргийг хэлэлцэв.

Ингээд Ш.Батхолбоод холбогдох худал мэдүүлэх, Э.Амарбатад холбогдох хахууль авах, Б.Мандахбаярт холбогдох хахууль өгөх гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Б.Мандахбаярыг доорх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд 4 жил томилогдох эрхийг нь, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасаж, нийт 9 жил хорих ял оноов. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Б.Мандахбаярын гэм буруу:

  • Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон,
  • Залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,
  • Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг үйлдсэн,
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон

Ц.Гантулгыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 4 жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгов.

П.Энхтогтохыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 4 жил хасаж, 15 сая төгрөгөөр торголоо.

Э.Амарбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасаж, 27 сая төгрөгөөр торгов.

П.Одонтунгалагийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тооцож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торголоо.

Б.Батсүхийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, 1 жил хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй болгож, 5.4 сая төгрөгөөр торгов.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *