Дотоод хэргийн их сургуулийн багш нарын “Бидний манлайлал-Чанартай боловсрол” нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр /2026.02.09/ эхэллээ. Тус зөвлөгөөнөөр “Их сургуулийн багш”-ийн хүний нөөцийг бэхжүүлэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, багшийн нэр хүнд, үнэлэмж, нийгмийн баталгааг хангахад тулгарч буй асуудал бэрхшээлийг хэлэлцэж, хамтын нэгдсэн шийдэл гаргах зорилготой юм. Зөвлөгөөнийг нээж Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд үг хэллээ. Тэрбээр “Сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг мэргэжилтнээс тухайн байгууллагын, салбарын, улсын хөгжил шууд хамаардаг. Тиймээс багш хүн ямагт мэдлэг боловсролоо дээшлүүлж, шинийг санаачлан судалгааны ажил, сургалтын арга зүйгээ шинэчлэн тасралтгүй хөгжих учиртай” хэмээн онцоллоо. Түүнчлэн энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан багш нарыг Монгол Улсын Засгийн газрын болон салбарын шагналаар шагнав.


