“Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын симпозиум өчигдөр (2026.02.10) боллоо. Боловсролын ерөнхий хууль болон Дээд боловсролын тухай хуулиар бол анагаах ухааны боловсрол олгодог их, дээд сургуулиуд дэргэдээ их сургуулийн эмнэлэгтэй байх заалттай. Уг заалтыг биелүүлэхийг 2026-2027 оны хичээлийн жилээс их, дээд сургуулиудаас шаардахаар болж байна.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Эмч нараа бэлтгэхдээ өвчтөн дээр очиж туршилт хийж, дадлагажиж сурдаг биш, харин сургалтын бааз эмнэлгээр дамжиж, багш нарынхаа хяналт дор илүү оновчтой эмчилгээ үйлчилгээг сурч гардаг тогтолцоо руу орно. Ингэснээр Монгол Улсад эмч бэлтгэх тогтолцоо онол давамгайлсан бус чадварт суурилсан, хариуцлагатай, олон улсын жишигт нийцсэн шинэ шатанд гарна” гэж онцлов. Анагаахын чиглэлийн сургалт эрхэлж буй бүх сургууль сургалтын бааз эмнэлэгтэй байх, батлагдсан хууль эрх зүйг хэрэгжүүлэх хүрээнд 2026 оны шинэ хичээлийн жил эхлэхэд уг үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх, бааз эмнэлэггүй сургуулиудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгөхгүй байх чиглэлд Боловсролын яам, салбарын сайд анхаарч, хамтран ажиллахыг тэрээр хүслээ.
Боловсролын сайд П.Наранбаяр резидэнт эмч нарын төгсөлтийн дараах сургалтын нэгдсэн тогтолцоог бэлдэх, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Цаашид эмч бэлддэг их сургууль өөрийн харьяа эмнэлэгтэй байж, тэндээ онол практик хослуулсан, чадварлаг эмч нарыг төгсгөн гаргах тогтолцоо руу орох ёстой гэсэн Эрүүл мэндийн яамны бодлоготой бүрэн санал нэгдэж байгаагаа хэлэв.
Энэ удаагийн симпозиумд Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, Токушима их сургуулиас төслийн багийн зөвлөх профессориуд, Боловсролын сайд, УИХ-ын гишүүд, төрийн болон хувийн хэвшлийн анагаахын их дээд сургуулиуд, сургалтын үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн удирдлагууд, эрдэмтэн багш нар оролцов.
