Бэлчээр, байгаль орчин, усны чиглэлд том төсөлтэй бол “Үндэсний ногоон лаб “-д хандаарай


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах ажлын хүрээнд байгаль орчинд суурилсан шийдэл болон тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой “Үндэсний ногоон лаб” платформын нээлт /2026.02.11/ Төрийн ордонд боллоо.

Платформ нь хэрэгжих бүрэн боломжтой, бодит үр дүнд хүрэх, цаашид цар хүрээгээ тэлэх чадавхтай ногоон төслүүдийг бойжуулах, хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татахад бэлтгэх юм. Энэ хүрээнд төслүүдийг сонгон шалгаруулж, хоёр сарын хугацаанд техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлнэ. Улмаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбохоос гадна шалгарсан төслүүдийг СОР17 хурлын үеэр олон улсын хөрөнгө оруулагч нарт тусгайлан танилцуулахаар төлөвлөжээ.

Нээлтийн үеэр “Үндэсний ногоон лаб” хөтөлбөрт оролцогч талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн “Монгол орны бэлчээрийн экосистемийн өнөөгийн төлөв байдал, олон улсын чиг хандлага болон шинэлэг шийдлүүд”, “СОР17 зохион байгуулахтай холбогдуулан цөлжилт, газрын доройтлын эсрэг хэрэгжүүлэх санаачилга”, “Үндэсний ногоон лаб” сэдвээр илтгэл сонсож, “Бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй сорилт, шийдэл”-ийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү платформ нь Улаанбаатар хотноо болох COP17 хурлын хүрээнд:

• Бэлчээрийн тэргүүлэх санаачилга,

• Ус-газрын нэгдсэн менежмент,

• Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гэсэн санаачилгыг эхний үе шатанд онцгойлон дэмжихээр төлөвлөсөн байна. Эдгээр нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөртэй бүрэн уялджээ.

“Үндэсний Ногоон Лаб” платформ нь байгаль орчинд бодит, хэмжигдэхүйц эерэг үр нөлөө үзүүлэх, цаашид цар хүрээгээ тэлэх боломжтой ногоон төслүүдийг хүлээн авч, сонгон шалгаруулж, хоёр сарын хугацаанд техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлэх замаар хөгжүүлэн бойжуулж олон улсын санхүүжилт олгох стандартад нийцүүлэн бэлтгэх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *