Монгол түмний уламжлалт сар шинийн баяр хэдийнэ хаяанд ирлээ. Бид энэ удаагийн ярилцлагын зочноороо маш өвөрмөц нэртэй нэгэн зочныг урилаа. Түүнийг О.Цагаансар гэдэг ба хүүхэд насны дурсамж болон нэрийн утга агуулгын талаар ярилцлаа.
-Юун түрүүнд хоёулаа уншигч нартаа өөрийгөө танилцуулъя?
-Намайг Отгонбаярын Цагаансар гэдэг. Би 21 настай. Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул. 2004 оны Бич жилийн шинийн нэгний өдөр буюу хоёрдугаар сарын 21-ний өдөр төрсөн. Одоогоор Идэр их сургуулийн II курсын оюутан. Монгол эх, уран зохиолын багш мэргэжлээр суралцдаг.
-Манай улсад өвөрмөц, содон нэртэй хүмүүс цөөнгүй бий. Түүний нэг нь яах аргагүй чи юм билээ. Яагаад энэ нэрийг чамд хайрласан юм бол?
-Миний нэрийг манай эмээ өгсөн юм. Эмээ маань намайг хүү гарна гэж итгэж хүлээж байсан ч охин төрчихсөн гэсэн. Манай ах дүү, хамаатан саданд хүү тун цөөн тул намайг эрэгтэй хүүхэд байх гэж дотроо бодож байсан юм билээ. Бас гэр бүл маань ээжийг шинийн нэгэнд төрнө гэж огт бодоогүй, цагаан сараар л төрөх нь дээ гэж бодож байсан юм билээ. Гэтэл ээж маань айлаар зочилж байгаад гэнэт өвдсөн гэсэн. Тэгээд л би төрсөн дөө. Мөн дээр нь маш том биетэй төрсөн гэдэг. Бараг л 5 кг жинтэй. Тийм болохоор эмээ маань эрэгтэй хүүхэд төрчихсөн байна гэж бодоод яараад иртэл охин хүүхэд байсан гэсэн. Гэхдээ эмээ маань охиндоо ямар нэр өгөх вэ гэж бодож байгаад ёс заншил, бэлгэдлээ бодоод Цагаансар гэж нэрлэсэн.
-Өвөрмөц нэртэй хүмүүс хүүхэд байхдаа их шоглуулдаг шүү дээ. Гэхдээ том болохын хэрээр нэрэндээ хайртай болдог. Чиний хувьд?
-Одоо ч хүнтэй танилцаад нэрээ хэлэхээр шоглуулдаг. Хүүхэд байхад ангийн хүүхдүүд, найз нөхөд гээд бүгд шоолдог байлаа. Цагаансар гээд нэрээ хэлэхээр өөдөөс Шинэжил гэж тоглодог байсан. Гэхдээ том болохын хэрээр энэ нэрэндээ маш их дуртай болсон. Бас содон нэртэй болохоор хүмүүс ч их хурдан тогтоодог.
-Эмээ нь Цагаансар гэж нэрлэе гэхэд аав ээж нь хэрхэн хүлээж авсан гэж ярилцдаг вэ?
-Бүгд хоорондоо зөвлөлдөж байгаад зөвшөөрсөн гэсэн. Бэлэг дэмбэрэлээ бодоод маш гоё нэр надад хайрласан. Тиймээс маш их талархаж явдаг.

-Манай улсад Цагаансар гэдэг нэртэй 12 хүн байдаг юм билээ. Түүний нэг нь чи шүү дээ. Бусад ижилхэн нэртэй хүмүүстэйгээ таарч байсан уу?
-Огт таарч байгаагүй. Хэрэв таарвал их сонирхолтой байх.
-Өөрийнх нь нэрийг цагаан сартай хамааралгүй байх вий дээ, нэг гоё тэргэл цагаан сартай шөнө төрсөн юм болов уу гэж бодоод байсан юм. Үгүй байж ээ?
-Тийм ээ. Хүүхэд байхад томчууд намайг өхөөрдөөд дуудахад нь надад яг л шоглож байгаа мэт санагддаг байсан. Цагаан сарын баяр гэхээр нь үгүй ээ би бол зүгээр цагаан өнгөтэй сар гээд л уурладаг байлаа. Одоо бол үнэхээр сайхан санагддаг.
-Цагаан сарын баярыг хэр их хүлээдэг вэ, бас хэрхэн тэмдэглэдэг юм бол?
-Сүүлийн жилүүдэд залуучууд энэхүү баярыг тийм ч өргөн дэлгэр тэмдэглэхээ больсон. Гэхдээ миний хувьд маш өргөн цар хүрээнд, элбэг дэлбэг байлгах дуртай. Тиймээс ч ах дүү, хамаатан садантайгаа бүгдтэй нь очиж золгож, амар мэндийг нь мэддэг. Цагаан сар болон Үндэсний их баяр наадмыг хамгийн сайхан тэмдэглэх хэрэгтэй гэж би боддог.
-Тэгвэл хүүхэд насны тэр дундаа сар шинийн баяртай холбоотой дурсамжаасаа хуваалцвал?
-Миний төрсөн өдөр нэг бол цагаан сартай давхцаад, нэг бол цагаан сарын сүүлээр таардаг. Тийм болохоор айлд ороод “Би 2 бэлэг авна шүү” гэж байгаад хоёр бэлэг авдаг байсан. Нэг бэлэг өгчихвөл дахиад 2 дахь бэлгээ өгтөл нь хүлээдэг байлаа. Мөн дээр нь хүмүүс миний нэрийг товчлох гээд байдаг юм. Гэхдээ манай аав, ээж хоёр намайг битгий цагаанаа гэж дуудуулаарай, хүн бүтэн нэрээрээ дуудуулж байж бүтэн заяатай явдаг шүү гэдэг учраас танилцсан хүмүүстээ бүтэн нэрээр дуудаарай гэж хэлдэг.
-Тэгвэл ойр дотнын хүмүүс, найз нөхөд нь ч бас бүтэн нэрээр нь дууддаг уу?
-Найзууд болон хамаатан садан маань намайг Цагаанаа гэж дууддаг. Багаас маань тэгж дуудаад сурчихсан учир өөрчилж болдоггүй ээ.
-Цагаан сарын сезон хэдийнээ эхэлчихсэн байгаа. Магадгүй гудамжинд алхаж байгаа хүмүүс цагаан сар гээд хэлэхэд л чамайг дуудаж байгаа юм шиг санагддаг байх?
-Яг үнэн. Цагаан сар гэхээр л яг миний баяр юм шиг санагддаг. Цагаан сар дөхөж байна ч юм уу цагаан сар гээд л хэлэхээр намайг дуудаж байгаа юм шиг сонсогддог. Хамгийн инээдтэй нь цагаан сарын хямдралтай худалдаа гэхээр манай найзууд намайг чи яасан бараа хямдруулаад байгаа юм уу гээд л шоглодог. Тэгэхээр нь жаахан уурладаг. Хөгжилтэй юм их болно оо.
-Өөр хөгжилтэй зүйл болж байв уу?
-Би нэг удаа яг цагаан сарын үеэр ээжтэйгээ хамт эрээн явсан юм. Тэгтэл ээж намайг вагоны коридороос Цагаансар аа гээд дуудлаа. Тэгэхээр нь яасан бэ ээж ээ гэтэл хүмүүс юу гэсэн бэ гээд гайхаад. Тэгээд ээж дээр очсон чинь өөдөөс бас нэг эгч ирж байна. Гэтэл тэр эгчийг ч бас цагаан сараар төрсөн учраас Цагаанбэлэг гэж нэрлэсэн гэсэн. Тэгээд бид хоёр хоёулаа ээж дээр яваад очиж билээ. Тэгэхэд бас нэг сонирхолтой нэртэй хүнтэй танилцаж байсан юм.
-Эмэгтэй хүн бүр ээж болдог шүү дээ. Тэр үед хүүхдэдээ ямар нэр өгье гэж боддог вэ. Өөр шигээ өвөрмөц нэр өгөх үү?
-Би заримдаа шинэ жил ч юм уу эсхүл өөр ямар нэг баяраар төрчих вий дээ гэж боддог. Шинэ жилээр төрвөл ээж нь Цагаансар, хүүхэд нь Шинэжил гэвэл өвөрмөц байх.
-Цагаан сараар төрдөг олон хүн бий. Чиний хувьд энэ баярыг угтаж төрсөн хүмүүстээ хандаж үг хэлэх үү?
-Тэгэлгүй яах вэ. Миний нэр бол маш гоё нэр шүү дээ. Хүүхдэд хайрласан нэрээс нь шалтгаалж хүний сайн сайхан явах зам мөр тэгширдэг гэж би боддог. Тиймээс Цагаансар гэдэг нэрийг хүүхдэдээ өгөхдөө битгий харамсаарай.
-Тун удахгүй сар шинийн баяр болох гэж байна шүү дээ. Тиймээс үзэгчдэдээ сар шинийн мэнд дэвшүүлэхгүй юу?
-Монголын нийт ард иргэддээ ирж буй Гал морь жилийн мэндийг хүргэе. Та бүхэн минь сайхан шинэлээрэй.
-Ярилцсанд баярлалаа.
