“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа СЭЗИС-ийн харьяа Эрхэм баян эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ой тогтоолтын Их мастер Г.Эрдэнэгэрэлийг урьж, ярилцлаа. Тэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-14-ний хооронд Вьетнам улсын Хо Ши Мин хотод Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос зохион байгуулсан “34 дэх удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ий өсвөр насны ангилалд нийлбэр дүнгээр дэд байр эзэлсэн юм.
-Ой тогтоолтын спортыг сонгож хичээллэх болсон түүхээс нь яриагаа эхэлье?
-Анх ах эгч хоёр маань Х.Хатанбаатар багшийн сургалтад явж, анхны улсын аваргад оролцож байсан. Энэ утгаараа ой тогтоолтын спортыг манай гэр бүлийнхэн сайн мэддэг. Би бага ангид байхдаа шигшээ багийн дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан багшийнхаа зуны сургалтад хамрагдаж байлаа. Тухайн үед гэр хол байсан болохоор шантраад больсон. Түүний дараа сагсан бөмбөг, төгөлдөр хуур, теннис гээд өөр зүйлсээр бас өөрийгөө хөгжүүлсэн. Гэтэл аравдугаар ангийн үед би гэр, сургууль гэдэг өдөр тутмын маршруттай болсон байсан тул аав, ээж маань Ө.Сэнгэсамдан багшийн насанд хүрэгчдийн тав хоногийн сургалтад явуулсны дараа дахин тууштай хичээллэх болсон.
-Тэгвэл хэзээнээс тамирчны замналаар тэмцээнүүдэд оролцож, амжилт гаргах болов?
-2024 оны тавдугаар сараас эхэлсэн сургалт, бэлтгэлийнхээ хажуугаар хоёр ч ой тогтоолтын тэмцээнд сайн дурын ажилтнаар зааланд хяналтын шүүгч хийсэн. Гэтэл багш маань арваннэгдүгээр сарын үед дэлхийн аваргад орох уу гэж асуугаад Турк улсыг зорьсон. Миний зорилго Олон улсын мастер цол хүртэх байсан боловч харамсалтай нь сүүлийн болзлоо хангаж чадаагүй. Ингээд 2025 оны хоёрдугаар сард улиралд нэг удаа зохиогддог чансаа ахиулах тэмцээнд түрүүлээд түүнээсээ их урам авсан. Дараа нь гуравдугаар сард болсон цолтой, цолгүй бүх тамирчид орж болдог улирлын аварга шалгаруулах тэмцээнд ямар ч хүлээлтгүй ороод хоёрдугаар байр эзэлж, өөрөөрөө бахархсан. Түүнээс хойш өөртөө итгэлтэйгээр дээшээ өрсөлдөнө гэсэн бодолтойгоор тэмцээнд орж байя гэж шийдсэн.
-Оны өмнөх дэлхийн аваргаар өөрийн дээд амжилтаа шинэчилсэн. Сэтгэл зүй ямар байсан бэ?
-Энэ удаагийн дэлхийн аварга миний найм дахь тэмцээн байлаа. Хоёр төрөлд алтан медаль хүртээд дэд аварга болох зорилгоо биелүүлээд Их мастер цолны болзол хангаад ирсэн. Хамгийн сайн төрлөө хангалтгүй биелүүлсэн тул хэрэв сэтгэл зүйгээ удирдаж чадсан бол гэх харамсал төрсөн. Миний амжилт сэтгэл зүй, өөртөө итгэх итгэлтэй их холбоотой байдаг. Тиймээс хариуцлага бодож дарамт мэдрэхгүйгээр хийх ёстой зүйлээ хийдгээрээ хийе л гэж боддог. Харин тэмцээний шагнал гардуулах үед “Mongolia” гээд овог нэрээ дуудуулах мэдрэмж хамгийн гоё байдаг.
-Ой тогтоолтын спортоор дэлхийн чансааг тэргүүлдэг улсын тамирчин байх ямар байдаг вэ. Бидний амжилтын нууц?
-Тэмцээний завсарлагааны үеэр Вьетнам зэрэг бусад улсын тамирчид ирээд “Монголын тамирчидтай зургаа даруулж болох уу. Та нар яаж ийм сайн байдаг юм бэ” гэдэг. Миний бодлоор нууц нь монголчуудын ген л байх. Мөн шилдэг багш нар. 20, 30-уулаа нэгэн зэрэг амжилттай оролцох улс Монголоос өөр байхгүй болов уу.
Ангийнхан болон бусад хүмүүс “Чи энийг цээжилж чадах уу” гээд их сонирхож асуудаг. Алдалгүй хариулахаар их гайхаж хүлээж авдаг байсан. Багш маань хүний тархи 24 цаг тутамд цээжилсэн зүйлээ сэргээхгүй бол мартдаг гэдэг. Бид нэг цагийн турш тасралтгүй тоо хараад цээжилсэн ч хоёр өдрийн дараа ор тас мартдаг.
-Ой тогтоолтын спорт чиний энгийн амьдралд ямар давуу талуудыг бий болгосон бэ. Удахгүй оюутан болох гэж байна шүү дээ?
-Би өмнө жил олон тэмцээнд ороод хичээлдээ төдийлөн анхаарч чадаагүй. Харин энэ жил сургуулиа төгсөж байгаа болохоор IELTS-ийн шалгалтдаа бэлдээд гадаад үгээ монгол үгтэй адилтгаж ой тогтоолтын аргаараа цээжилж байгаа. Энэ нь өмнөхөөс илүү амархан, үр дүнтэй байгаа. Ой тогтоолтын спортоор олон улсын амжилтууд гаргасан болохоор миний CV-д давуу тал болно. Үүнийгээ ашиглаад гадаад сурах төлөвлөгөөтэй байна.
Хамгийн эхэнд хичээлээ хурдан ойлгож, анхаарал төвлөрөл сайжирсан. Мөн хүрээллээ тэлээд бусадтай харилцаж сурч, нээлттэй болсон. Аав ээж минь өглөө бэлтгэлд хүргэж өгөөд орой тарахад авдаг. Хоол унд бэлдээд, тэмцээний зардал гаргаад бүх зүйлээр минь дэмждэг болохоор их баярладаг. Намайг гэх энэ их сэтгэлийнх нь үр шимийг гаргах ёстой гэж боддог.
-Нууц биш бол шагналын мөнгөө юунд зарцуулдаг вэ. Бас ирээдүйн зорилго?
-Өсвөр насны хүүхдүүд өөрийгөө хөгжүүлэх гэж ой тогтоолтын спортоор их хичээллэдэг тул энэ ангилалд хамгийн ширүүн өрсөлдөөн өрнөдөг. Харин насанд хүрэгчид өөрсдийн эзэмшсэн мэргэжлээр карьераа босгоод явчих нь элбэг байдаг санагдсан. Тэмцээний мөнгөн шагналаа хадгалаад дараагийн тэмцээний зардалдаа нэмэрлэдэг. Ой тогтоолтын спортын дасгалжуулагч болох нь миний ирээдүйн төлөвлөгөөний бас нэг хэсэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
