“Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн охин Ким Жү Э-г өв залгамжлагчаараа сонгоход бэлдэж байна гэж БНСУ-ын тагнуулийн агентлаг пүрэв гарагт мэдээлжээ.
Өмнө нь Ким Жү Эг залгамжлагч болгоход бэлтгэж байгаа гэх мэдээлэл гарч байсан ч гэлээ одоо түүнийг албан ёсоор залгамжлагчаар нэрлэх шатанд хүрсэн гэж мэдээлсэн байна.
Ким Жон Ун гэр бүл болон хүүхдүүдээ тэр бүр олны өмнө ил гаргадаггүй бөгөөд гурван хүүхэдтэй гэх мэдээлэл байдаг аж. Түүний охин Ким Жү Э яг хэдэн настай талаар мэдээлэл албан ёсоор гараагүй байдаг ч түүнийг 13 настай гэж зарим эх сурвалж мэдээлжээ. Ким Жү Э өнгөрсөн 9-р сард аавынхаа Бээжинд хийсэн айлчлалд нь дагаж явсан байна.

Түүнийг Ким Жон Уны хоёр дахь хүүхэд гэж тодорхойлдог ба Ким Жү Э дээрээ нэг ахтай гэж Өмнөд Солонгосын тагнуулын алба үздэг. Гэвч Ким Жон Уны хүү нь хэзээ ч олны өмнө ил гарч байгаагүй ажээ.
Ким Жү Эгийн талаарх мэдээллийг анх 2013 онд NBA-ын сагсанбөмбөгийн тамирчин асан Деннис Родман дэлгэж байжээ. Тэрээр 2013 онд The Guardian сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Хойд Солонгост айлчлах үеэрээ “Бяцхан Жү Эг тэвэрч байсан” талаараа ярьсан байна.
Ким Жү Э анх 2022 онд олны өмнө ил гарснаасаа хойш аавынхаа зарим уулзалтад дагаж явдаг болжээ. Хэрэв Ким Жон Ун албан ёсоор охиноо өв залгамжлагчаар зарлавал ирээдүйд Ким Жүн Э Хойд Солонгосыг удирдана гэсэн үг. Ингэснээр Ким Жон Уны гэр бүл 4 үеэрээ Хойд Солонгосыг удирдахаар болж байна.
Эх сурвалж: BBC
