“Сонгуулийн төв байгууллага”, “Улс төрийн нам” тулгуур баганад үнэлгээ хийсэн зөвлөх баг тайлангаа хэлэлцүүллээ


Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Үндэсний шударга байдлын тогтолцооны суурь түвшин тогтоох судалгаа хийхээр тусгасны дагуу “Сонгуулийн төв байгууллага”, “Улс төрийн нам” тулгуур баганад үнэлгээ хийсэн зөвлөх баг өнөөдөр тайлангаа танилцуулж, хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар болон улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Үндэсний шударга байдлын тогтолцооны үнэлгээний аргачлалыг “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас боловсруулсан бөгөөд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал, төрийн алба, хууль сахиулах байгууллага, сонгуулийн төв байгууллага, аудитын дээд байгууллага, авлигатай тэмцэх байгууллага, улс төрийн нам, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг авлигатай тэмцэхэд үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудыг тулгуур багана болгожээ. Ингэхдээ тус байгууллагуудын үйл ажиллагааны зураглал гаргаж, сул талыг илрүүлэн дотоод авлигын эрсдэл болон нийгэмд авлигатай тэмцэх чиглэлээр оруулж буй хувь нэмэр, гүйцэтгэх үүргийг тодорхойлоход чиглэснийг үнэлгээ хийсэн хөндлөнгийн байгууллагууд онцоллоо.

“Сонгуулийн төв байгууллага” тулгуур баганын үнэлгээг Б.Дөлгөөн ахлагчтай зөвлөх баг, “Улс төрийн нам” тулгуур баганын үнэлгээг “Хүлүгү санаачилга” ТББ-ын зөвлөх баг хийсэн аж.

Дээрх зөвлөх багуудын хийсэн үнэлгээний тайлан, зөвлөмж нь хараат бус, хөндлөнгийнх учраас Сонгуулийн ерөнхий хороо болон Авлигатай тэмцэх газрын байр суурийг илэрхийлэхгүйг Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

Үндэсний шударга байдлын тогтолцооны хоёр баганын үнэлгээтэй танилцсаны дараа улс төрийн намуудын төлөөлөл үнэлгээний баг болон төрийн байгууллагуудаас асуулт асууж, хууль тогтоомж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *