Японы эрх баригчид зогс гэж шаардах үед зугтах гэж оролдсон Хятадын загасчлах зориулалттай завийг саатуулсан гэж мэдэгджээ. Энэ нь БНХАУ-тай холбоотой харилцааны асуудлыг бүр ч хурцатгаж болзошгүй байна.
Пүрэв гарагт Японы баруун өмнөд хэсгийн Нагасаки Боомтын эргээс зайтай орших эдийн засгийн онцгой бүсэд байх үед нь тус завийг саатуулж, ахмадыг нь баривчилсан гэж Японы загас агнуурын агентлаг мэдээлжээ.
“Загас агнуурын хяналтын байцаагч шалгалт хийхээр тухайн хөлгийн ахмадад зогсох үүрэг өгсөн боловч усан онгоцны багийнхан шаардлагыг биелүүлэлгүй зугтах гэж оролдсон” гэж Японы загас агнуурын агентлаг мэдэгджээ.
Энэ нь Японы тал 2022 оноос хойш анх удаа Хятадын загасчлах зориулалттай усан онгоцыг саатуулсан тохиолдол болов. БНХАУ-ын тал энэ талаар хараахан мэдэгдэл хийгээгүй байна.
Японы тал тус завийг саатуулах үед хөлөг дээр нийт 11 хүн байсан бөгөөд ахмад нь 47 настай Хятадын иргэн байжээ. Хураан авсан тус хөлөг онгоц нь өндөр багтаамжтай “том тор ашигладаг загас агнуурын хөлөг онгоц” байсан гэж Японы эрх баригчид болон мэдээний агентлагууд тодорхойлсон байна.
Санаэ Такаичи өнгөрсөн 11-р сард “Хятадын тул Тайвань руу халдвал бид цэргийн хүчээр хариу арга хэмжээ авах болно” гэж мэдэгдсэнээс хойш БНХАУ-Японы харилцаа хурцадсан билээ. Тухайн завь ямар зорилгоор Японы эрэгт ойрхон явж байсныг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: BBC
