NTV Телевиз олон улсын Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI)-ын стандартыг хангасан 4 дэх мэдээний байгууллага боллоо


NTV телевиз олон улсын аудитын Deloitte компаниас Сэтгүүлзүйн итгэлцлийн санаачилга (JTI)-ийн гэрчилгээг 20 жилийн ойгоо тэмдэглэхээс хэдхэн сарын өмнө хүртлээ.

“Медиа Групп” ХХК-ийн нэг хэсэг бөгөөд Олон нийтийн ашиг сонирхлын хэвлэл, мэдээллийн олон улсын сан (IFPIM)-гийн тэтгэлэгт хөтөлбөрийн гишүүн NTV телевиз JTI гэрчилгээг хүртсэн Монголын 4 дэх мэдээний байгууллага, харин телевизийн салбарт уг гэрчилгээг авсан анхны телевиз болов.

NTV телевиз зах зээл дэх хэрэглэгчдийн дор хаяж 60%-д нь хүрдэг өргөн хүртээмжтэй телевиз гэдгийг Deloitte компаниас онцолжээ.

“Reporters Without Borders” байгууллагын Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга хөтөлбөрийн захирал Бенжамин Саббах:

-NTV Телевизийн JTI гэрчилгээ авснаар Монголын үзэгчдэд өрсөлдөөн ихтэй мэдээллийн орчинд ч хараа хяналт сайтай, ил тод, ёс зүйтэй сэтгүүл зүйг амжилттай хөгжүүлж чадна гэдгээ харуулсан жишээ боллоо. Улсдаа энэхүү гэрчилгээг авсан анхны телевизийн сувгийн хувьд NTV салбартаа чухал жишиг тогтоолоо. Олон жилийн түүхтэй NTV телевиз хамгийн өндөр мэргэжлийн стандартыг баримталдаг, тасралтгүй шинэчлэгдэн хөгжиж чаддагаа харууллаа.  Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI) нь олон нийтэд итгэл төрүүлэхүйц лавлагаа болж, хэвлэл, мэдээллийн салбарт эерэг өөрчлөлтийг авчрах хөшүүрэг болж чадна гэдгийг энэхүү амжилт харуулж байна гэв.

JTI гэрчилгээг авах үйл явц гурван үе шаттай.

Нэгдүгээрт, JTI-ын цахим порталаар дамжуулан стандарттай танилцах.
Хоёрдугаарт, тухайн хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн үнэлгээг хийх.
Гуравдугаарт, баталгаажуулах аудитыг өөрсдийн сонголтоор хийлгэх боломжтой.
Одоогийн байдлаар дэлхий даяар 127 орны 2,400 орчим хэвлэл мэдээллийн байгууллага JTI стандартыг ашиглаж байна. Үүнээс 1,460 нь өөрсдийн үнэлгээний шатанд явж байгаа бол, 830 нь ил тод байдлын тайлангаа нийтэлсэн, 135 нь аудитаар орж JTI гэрчилгээгээ авсан байна.

NTV Телевизийн Мэдээний албаны дарга Б.Ундрахжаргалант:

“NTV Телевизийн 20 жилийн ой тохиож буй энэ үед JTI гэрчилгээг хүртсэн нь бидний мэргэжлийн сэтгүүл зүйн стандарт, хариуцлагатай контент бүтээхэд баримталж ирсэн хатуу байр суурь жинхэнэ ажил хэрэг, бодит үнэлгээгээр баталгаажсаны тод илэрхийлэл юм гэдгийг би бахархалтайгаар хэлэх байна. Бид мэргэжлийн зарчмаа үргэлжлүүлэн баримталж, хоёр жил тутамд JTI стандартын баталгаажуулалтыг давтан хийлгэж, хамгийн өндөр шаардлагад нийцүүлэн ажиллах болно. Хүмүүс мэдээлэлд итгэхдээ эргэлзэх нь ихсэж буй энэ цаг үед олон нийтэд итгэл төрүүлэхүйц, найдвартай мэдээллийн эх сурвалж байр сууриа хадгалж үлдэх нь NTV телевизийн тэргүүн зорилго гэлээ.

Хэвлэл мэдээллийн стандартыг дээшлүүлэх нь

Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI) нь 2019 онд хэвлэл, мэдээллийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн салбарын холбоо болон дижитал платформуудын 130 орчим шинжээчид оролцож ISO төрлийн олон улсын стандарт хэлбэрээр боловсруулсан стандарт.

Тэд бүх төрлийн мэдээний эх сурвалжид хэрэгжих боломжтой салбарын стандартыг бий болгоход шаардлагатай ил тод байдал, хараат бус байдал, ёс зүйн шалгуурыг тодорхойлохоор хамтран ажиллажээ. Дэлхий даяарх бүх мэдээний эх сурвалжид тохиромжтой өөрийгөө зохицуулдаг механизмыг боловсруулах энэхүү санаачилгыг Парис хотод төвтэй хэвлэл, мэдээллийн байгууллага Reporters Without Borders (RSF) гаргасан байна. 

Сэтгүүл зүйн инноваци, хөгжлийн “Үүр” төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо:

-Олон нийтийн ашиг сонирхлын хэвлэл ,мэдээллийн олон улсын сан (IFPIM)-гийн тэтгэлгийг хүртсэн, Монголын үндэсний тэргүүлэх телевизүүдийн нэг NTV 20 жилийн ойн босгон дээрээ Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI) гэрчилгээг хүртсэн нь тэдний редакцын бодлого үнэн зөв, дэг жаягтайг нотолж байна.

Зөвхөн NTV Телевиз гэлтгүй Монголын үзэгчид ч тэмдэглэж болох чухал үйл явдал билээ. Мөн NTV олон жилийн турш редакцын үйл ажиллагаагаа тасралтгүй шинэчлэл хийж ирсний баталгаа юм.

NTV Телевизийн энэхүү амжилт цаашид Монголын олон хэвлэл мэдээллийн байгууллагуудад JTI гэрчилгээг авах замыг нээж, Монголын мэдээллийн салбарт шинэчлэл хийх чухал алхам болно гэдэгт итгэж байна гэв.

Хэт ханасан зах зээл дэх гэрэлт цамхаг

“3.5 сая хүн амтай Монгол Улсад бүртгэлтэй 389 хэвлэл, мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа нь зах зээл өндөр хэмжээнд ханасан байгааг харуулж байна” хэмээн Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн “Үүр” төвийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б. Дуламхорлоо онцолж хэлжээ. Тус төв нь RSF байгууллагын түнш бөгөөд JTI стандартыг 20 гаруй мэдээллийн байгууллагад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлснээс дөрөв нь JTI гэрчилгээг авсан байна. Үүнд хамгийн түрүүнд Монголын баримт шалгах төв (Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн “Үүр” төвийн харьяа), “Зууны мэдээ” сонин, дижитал мэдээний уугуул сайт GoGo.mn, мөн NTV телевиз багтжээ.

“Сошиал медиа, хиймэл оюун ухаан хоёр хөгжихийн хэрээр уншигчид хамгийн найдвартай мэдээллийг хаанаас авах тал дээр улам эргэлзэх болсон” гэж Б. Дуламхорлоо нэмж хэллээ.

“Үүр” төв 2025 онд хэвлэл, мэдээллийн салбарт хийсэн үнэлгээгээр Монголд буй хэвлэл, мэдээллийн 389 байгууллагаас 75 нь өдөр тутмын сэтгүүл зүйн үйл ажиллагааг тогтмол явуулж, ихэвчлэн өөрсдийн редакцын багийн бэлтгэсэн контентыг нийтэлж байгааг тогтоосон байна.

JTI нь олон нийтэд мэргэжлийн хэвлэл, мэдээллийн байгууллагыг мэргэжлийн бус бусад эх сурвалжаас ялган таниулахад туслах зорилготой байгууллага юм. Мөн Монголын хэвлэл, мэдээллийн байгууллага олон улсын ижил төрлийн байгууллагатай харьцуулбал хаана байгааг ойлгоход тусалдаг. Үүнээс гадна олон нийтийн ашиг сонирхолд үйлчилдэг найдвартай хэвлэл, мэдээллийн үйл ажиллагааг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *