Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 7 байршилд үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна


Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Е хэсэгчилсэн талбайд хэрэгжиж буй “Андын зам констракшн” ХХК-ийн төслийг бүрэн дуусгахад шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх зорилгоор компанийн эзэмшилд байгаа зарим үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Нээлттэй дуудлага худалдааг ирэх сарын 11-ний өдрийн 11:00 цагт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Б байрны хоёр давхрын 205 тоотод зохион байгуулна.

Энэ үеэр нийслэлийн Орон сууцны бодлогын газрын Дэд бүтцийн хэлтсийн дарга Г.Ганхүү “Андын зам констракшн” ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг 2021 онд хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар зургаан орон сууцыг ашиглалтад оруулсан бол зургаан орон сууцны барилга удааширч, зогсонги байдалд байна. Бид иргэд болон компанитай тогтмол уулзаж, төслийн явцын талаар мэдээлэл солилцож ажиллаж байгаа. Тус компанийн худалдах үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудаар үнэлүүлсэн бөгөөд уг үнэлгээнд үндэслэн дуудлага худалдааг зохион байгуулна. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг дуудлага худалдаанд оролцохыг урьж байна” гэв.

“Андын зам констракшн” ХХК-ийн захирал Э.Лхагвасүрэн “Төсөлд нийт 320 айлын газар хамрагдсан. Үүнээс 139 өрх ашиглалтад орсон орон сууцанд орсон амьдарч байна. Төсөл өнөөдрийн байдлаар 25 хувийн гүйцэтгэлтэй, нийт 39.9 га талбайд хэрэгжиж байна. Төслийг 2027 оны хоёрдугаар улиралд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Шаардлагатай хөрөнгийг бүрдүүлж, төслийг хугацаанд нь дуусгахын тулд компанийн зарим үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулахаар шийдвэрлэсэн” гэлээ.

 Дуудлага худалдаагаар борлуулах үл хөдлөх хөрөнгө:

  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, үйлчилгээний зориулалттай, 16 давхар, 70 хувийн гүйцэтгэлтэй “Жамух” тауэр барилга
  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 1144.73 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам орчимд байрлах, 495 м.кв, 90 хувийн гүйцэтгэлтэй, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 1 га газар
  • Дархан-Уул аймагт байрлах 330 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 1863 м.кв газар
  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатад байрлах, 70 хувийн гүйцэтгэлтэй, 5 давхар орон сууцны зориулалттай барилга
  • Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 9992 м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэр
  • Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хэрэгжихээр төлөвлөсөн, 360 айлын орон сууц, 300 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний талбай бүхий “Шинэ цогцолбор” зэрэг төслийг дуудлага худалдаагаар борлуулна.                                              


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *