МАН-ын бага хурлаар юу болох вэ?


Дүн өвлөөр дөнгөж амсхийсэн МАН-ын гишүүдийн дундах тулаан хахирган хавраар үргэлжлэх нь тодорхой болж байна. МАН 2-р сарын 27-ны баасан гарагт бага хурлаа хуралдуулахаар товлолоо. Тогтсон ёсоор энэ хуралд тус намын дарга Н.Учрал илтгэл тавина. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нар бас илтгэл тавихаар бэлтгэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар нарын ашиг сонирхол энд уулзана. Тэдний зүрхний бичээс энд хэрхэн нийлж, цааш яаж салаалахыг дэндүү олон хүн чих тавин чагнах болно.

Эрх баригч МАН-ын бага хурлын гишүүд улс орны багагүй асуудлыг шийддэг, дураа хүрвэл дураараа тонгочдог. 10 сарын өмнө уг бага хурал хуралдахдаа АН-ыг засгаас үдэж, хамтарсан Засгийн газрыг тараасан бол 4 сарын өмнө Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрыг хооронд нь тэмцэлдүүлж, ямар ч супер наалдан падаар наагаад эвлэхээргүй болгосон.

Харин одоогийн бага хурлаар Н.Учрал, Х.Нямбаатар хоёрын түнжинг шалгана. Н.Учрал МАН-ын даргын зангаргаа намынхаа гишүүдэд төдийгүй Монголын ард түмэнд харуулахыг хичээх бол Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын хорооны даргын тамгаа ямар ч хамаагүй үнээр авч үлдэхийг хичээнэ. Тэдний тулаан хэрхэн өрнөж, яаж төгсөхөөс У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын ирээдүй шалтгаална. У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёрын ирээдүй хэрхэн зурагдахаас Д.Амарбаясгалан, түүний эргэн тойрноос хормойдсон олон хүний тавилан тодорхойлогдоно. Ийм чухал хурал 2-хон хоногийн дараа болох гэж байна.  

МАН-ын бага хурлын гишүүд улс орны багагүй асуудлыг шийддэг, дураа хүрвэл дураараа тонгочдог

МАН-ын бага хурал 2021 онд 479 гишүүнтэй байсан бол 2025 онд 597 гишүүнтэй болсон юм. Тэд 2025.11.18-нд Тусгаар тогтнолын ордонд анхны хурлаа хийж, ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг улираан сонгосон бол орон тооны нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн нарыг, орон тооны бус нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарыг сонгож, Удирдах зөвлөлийн 39 гишүүнээ шинэчилсэн. Мөн намын санхүүгийн дотоод аудитороор Ц.Норовжамцыг сонгож баталжээ. Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг, тус хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг сонгосон. 

МАН 2025 оны 11-р сард хийсэн их хурлаараа бодлогын 7 хороо нэмж байгуулан, нийт 11 хороотой болсон. Уг хороод 1-р сараас эхлэн хуралдаж, бага хуралд танилцуулах, хэлэлцүүлэх асуудлаа ярилцаж байна. Бага хурлынхаа үеэр бодлогын хороо бүр салбар хурал хийх аж. Нийгмийн салбар бүрийн төлөөллийг намынхаа үйл ажиллагаанд олноор татан ажиллуулахын тулд МАН бодлогын хороод байгуулсан. Бодлогын хороод нь Удирдах зөвлөлийнхөө дэргэд ажилладаг.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг биелүүлэх, 31 дүгээр их хуралд МАН-ын дарга Н.Учралын танилцуулсан “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор эдгээр хороог байгуулсан юм. Бодлогын хороодыг УИХ-ын гишүүд удирддаг.

  1. “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо, дарга УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл
  2. Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо, дарга УИХ-ын гишүүн Ж.Галбадрах
  3. Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо, дарга УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц
  4. Хот байгуулалтын бодлогын хороо, дарга УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан
  5. Банк санхүү, хөрөнгийн зах зээлийн бодлогын хороо, дарга УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин
  6. Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо, дарга УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир
  7. Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо, дарга УИХ-ын гишүүн Ц.Идэрбат
  8. Эрүүл мэндийн бодлогын хороо, дарга УИХ-ын гишүүн Д.Ганмаа 
  9. Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо, дарга УИХ-ын гишүүн О.Саранчулуун
  10. Технологи, инновацын бодлогын хороо, дарга УИХ-ын гишүүн Ч.Анар
  11. Хүний эрхийн бодлогын хороо, дарга УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал

2023 онд Улс төрийн намын тухай хуулийг УИХ шинэчлэн баталсан. Уг хуулийн дагуу намууд ноднин их хурлаа хийн, дүрмээ шинэчилж, УДШ-д бүртгүүлэхээр хүргүүлээд байгаа. Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулж, намууд бодлогын нам болох шаардлага үүсэж буй. Бодлогын асуудлаар мэтгэлцдэг байх, бодлого гаргадаг судалгааны байгууллагуудтай хамтарч ажиллахыг уг хуулиар шаардаж байгаа.

МАН бодлогын тинк танк загвар хөгжүүлэх үүднээс “Стратеги” академиа шинэчлэн, бодлогын хороодоо уялдуулахаар төлөвлөжээ. УИХ, Засгийн газрын хэлэлцэх асуудлуудыг эдгээр хороо өмнө нь тал бүрээс нь судалж, шинжлэн, томоохон хэлэлцүүлэг өрнүүлдэг тогтолцоо бий болгохоор зорьж байна. Энэ зорилгоо бодлогын хороод нь хэрхэн биелүүлэх нь МАН-ын бага хурлаас харагдана.

Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар бодлогын хорооны хуралд оролцож, ажиллах чиг үүрэг, бүтэц, бүрэлдэхүүний талаар танилцуулан, байр сууриа илэрхийлж байна. МАН өмнө нь ажиллаж байсан газар, хэлтэс дээрээ нэмээд, Намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрыг шинээр байгуулсан. 2024 оны УИХ-ын сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд анхаарах үүргийг энэ газар хариуцаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *