Завхан аймгийн Сонгино сумын нутагт “Цагаан дөрөлж” гэх газарт суудлын автомашин цасанд сууж, шатахуунгүй болсон тухай дуудлагыг өчигдөр онцгой байдлын байгууллага бүртгэжээ.
Дуудлагын дагуу Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын “Toyota Land Criuser-80” загварын гурван зорчигчтой суудлын автомашин, иргэн Б-ийн “Mitsubishi Оuthlander” загварын гурван зорчигчтой суудлын автомашин тус тус цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан байна.
Иймд:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Цас орох нутгуудаар халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааран тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөлөө.
