Утасны дугаарт ирсэн линкээр нэвтэрч, банкны мэдээллээ оруулснаар 22 сая төгрөгөө алджээ


Сүүлийн үед иргэдийн гар утсанд “Та азтан боллоо”, “Танд илгээмж ирлээ”, “Хямдралтай худалдан авалт хийгээрэй” гэх зэрэг хуурамч линк болон сайтын холбоос ирж байгаа аж. Уг холбоосоор нэвтэрч, банкны мэдээллээ оруулаад, данснаасаа мөнгө алдаж, хохирсон хүмүүс гарсаар байна.

Тухайлбал: Энэ оны 2 дугаар сарын 23-нд “Миний данснаас мөнгө шилжүүлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Түүний дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 59 настай эрэгтэй “Т” гар утсанд нь очсон линк дээр дарж, Худалдаа хөгжлийн банкны данснаасаа 22.500.000 төгрөг алдсаныг тогтоожээ.

Мөн томоохон сүлжээ ресторануудын нэрийг ашиглаж “Манайх хямдрал зарласан байна” гэсэн хаяг нэртэй линк байвал дарж орохгүй байхыг сануулж байна.

Санамсаргүй дарж орсон нөхцөлд линк дээр байгаа дансны хувийн мэдээллийг бөглөж болохгүйг онцгойлон анхаарууллаа. Үүнийг бөглөснөөр интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг алдах эрсдэлтэй юм. Цагдаагийн байгууллага өчигдөр буюу 2026 оны 2-р сарын 24-нд залилан мэхлэх гэмт хэрэгтэй холбоотой 11 дуудлага мэдээлэл бүртгэжээ. Дээрх 11 гэмт хэргийн нийт хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 73 сая орчим төгрөгт хүрсэн байна. Иймд залилан мэхлэх гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж банк, аж ахуйн нэгж, байгууллага таны банкны нууц үгийг асуухгүй гэдгийг санах. Мөн үүнийг анхаарч, хуурамч сайт, холбоосоор нэвтрэхгүй байж, дансны мэдээллээ хамгаалахыг цагдаагийн байгууллага анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *