М.Нарантуяа-Нара гишүүний ёс зүйгүй лаив бичлэгтэй холбоотойгоор түүнийг намын жагсаалтад багтааж, нэр дэвшүүлсэн Иргэний зориг, ногоон намын дарга Б.Батбаатар жагсаалтын гишүүдийг эргүүлэн татах хуулийн төсөл санаачилж байгаагаа зарласан. Үүнтэй холбоотойгоор “Намын жагсаалтаар их хуралд орсон гишүүдтэй тухайн нам ямар хариуцлагын гэрээ байгуулдаг вэ” гэсэн асуудал олны анхаарлын төвд ороод байна. Тэгвэл УИХ-ын сөрөг хүчний гишүүдийн байр суурь эл асуудалд харилцан адилгүй байгаа юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл: Жагсаалтын гишүүдэд сахилга хариуцлагын асуудал ярих ёстой

–УИХ-ын гишүүн сонгогдсон шигээ хариуцлагатай, сахилгатай ажиллах ёстой. Жагсаалтын гишүүдийн хувьд намын бодлогоор орсон гэдэг утгаараа сахилга, хариуцлагын асуудлыг тодорхой түвшинд ярих ёстой гэж ойлгож байна. Манайд ч гэсэн намын дүрмийн хүрээнд зарим гишүүдэд сануулга өгөх ажил өрнөсөн. Ер нь төрийн албанд сахилга, хариуцлагын асуудал ус, агаар мэт хэрэгтэй болсныг сүүлийн үеийн үйл явдлууд харуулж байна.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга асан Л.Гантөмөр: Жагсаалтаар сонгогдсон гишүүдийг намын бодлого хэрэгжүүлдэг болгох арга, ухаан гаргах хэрэгтэй

–Улс төрийн нам жагсаалтаар сонгогдсон гишүүдээ намын бодлоготой зөрчилдөж байгаа нэрээр эргүүлэн татах тухай асуудал байж болохгүй. АН хамтарсан Засгийн газарт ажиллаж байхад манай намаас жагсаалтаар их хуралд орсон гишүүдийн зарим нь эсэргүүцэж байсан. Би дээрх гишүүдийн бүрэн эрхийг хүндэтгэсэн. Намаа төлөөлөөд, намынхаа мандатаар нэгэнт ороод ирчихсэн байхад ард түмний сонголтод халдана гэдэг асар буруу. Жагсаалтаар УИХ-д орсон хүн намын бодлоготой зөрчилдлөө гэдэг нэрээр жагсаалтаас татаад, дахиад арын хүнийг оруулна гэвэл буруу.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: УИХ-ын гишүүн төрийн өндөр дээд албан тушаалтан биш. Тэдэнд ёс зүйн шалгуур, хэмжүүр тавих нь буруу

-Үндсэн хуульд маш тодорхойгоор “УИХ 126 гишүүнээс бүрдэнэ” гэж заасан. УИХ-ын гишүүдийг дотор нь ямар нэгэн байдлаар жагсаалтын эсвэл, тойргоос сонгогдсон гэж ялгах боломжгүй. Үндсэн хуульд намын бодлого гэдэг үг байхгүй. УИХ-ын гишүүн улс орныхоо эрх ашгийн төлөө ажиллана, сонгогчдынхоо төлөөлөл байна хэмээн заасан.
Парламентын гишүүн гэдэг төрийн өндөр дээд албан тушаал биш. Зөвхөн сонгогчдоос мандат авсан иргэн төдий. Тиймээс тэдэнд ёс зүйн шалгуур тавих нь утгагүй. Ёс зүйн нэг хэмжүүр, шалгуур социалист улс эсвэл шашны, цэргийн дэглэмтэй улс оронд яригдана. Ардчилсан улс орон чөлөөт үзэл баримтлалтай. Парламентын гишүүнтэй сонгуулийн үеэр л ахин сонгохгүй байж, хариуцлага ярих ганцхан боломж бий.
Ардчилсан намынхан сөрөг хүчний хувиар эв нэгдэлтэй байгаагаа зарлах болсон. Гэвч тэдний байр суурь зарим зарчмын асуудалд нэгдмэл байж чадахгүй байгааг дээрх тайлбараас харж болохоор байна.
