Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам хүн амыг орон сууцжуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төслийг боловсруулахын тулд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд орлогын түвшинд тохирсон олон төрөлт орон сууц бий болгох төлөвлөгөөг тусгажээ. Ингэхдээ бага орлоготой иргэдэд зориулсан халамжийн орон сууц, дунджаас доогуур орлоготой иргэдэд хөлслөх орон сууц, дундаж орлоготой иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд оруулах болон бусад зохицуулалтыг тусгажээ.
Энэ удаагийн хэлэлцүүлэг төрийн байгууллага болон олон улсын зөвлөхүүдийн хүрээнд хийгдэж байгаа аж. Дараагийн шатны хэлэлцүүлгийг иргэд, олон нийтийн дунд хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр хэлэлцүүлгийн дараа хуулийн төслүүдийг 4 дүгээр сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөжээ.

