Бид цахим Монгол уу, үгүй юү? Та юу гэж бодож байна…
Монгол Улсын иргэн бүр 16 нас хүрээд иргэний үнэмлэх авдаг. 2012 оноос эхлэн иргэний үнэмлэхийг цахим чиптэй болгож, биометрийн мэдээлэл бүхий ухаалаг карт болгон шинэчилсэн. Энэ нь тухайн үедээ төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэнээ таних технологийг илүү найдвартай болгох чухал алхам гэж үнэлэгдэж байв. Угтаа энэхүү карт нь цахим гарын үсэг, төрийн болон хувийн үйлчилгээний баталгаажуулалтын суурь хэрэгсэл болох ёстой байсан ч бодит байдал дээр бүрэн төгс ашигладаггүй.
Тэгвэл бид яг ямар үед цахим иргэний үнэмлэхийг илүүтэй ашиглаж байна вэ?
Цахим үнэмлэхийг хамгийн идэвхтэй ашигладаг үе бол сонгууль. Өөрөөр хэлбэл, санал авах байранд иргэний үнэмлэхийн чипийг уншуулж, хурууны хээгээр баталгаажуулдаг. Монгол Улсад сонгуулийн насны 2 сая гаруй иргэн байдаг бөгөөд тэд бүгд биометрийн мэдээлэл бүхий үнэмлэхтэй. Хамгийн сүүлийн парламентын сонгуулиар сонгогчийн бүртгэл, давхардал шалгах ажиллагаа 100 хувь цахим системээр явагдсан гэж албаныхан мэдээлсэн. Энэ бол цахим үнэмлэхийг бодитоор, системтэйгээр ашиглаж буй цөөн жишээний нэг.
Энэ талаар иргэд ч өөрийн байр сууриа илэрхийлдэг ба сонгуулиас бусад өдөр тутмын амьдралд цахим үнэмлэхийн “цахим” боломжийг төдийлөн ашиглагддаггүй гэж ч шүүмжлээд амждаг. Нэг ёсондоо цахим үнэмлэхийн хэрэглээ их ч бүхий л салбарт бүрэн ашиглах тогтолцоо сул хэвээр байгаа юм.
E-Mongolia болон биет үнэмлэх
Хэдий тийм болов ч бид цахим Монгол руу алхам алхмаар дөхсөөр байгаа. Үүний тод жишээ бол төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформ. Үүгээр дамжуулан олон төрлийн лавлагаа, үйлчилгээг үнэ төлбөргүй, шуурхай авах боломж бүрдсэн. Гэвч ихэнх тохиолдолд иргэд E-Mongolia платформд нэвтрэхдээ иргэний үнэмлэхийн чипийг шууд ашиглахгүй, харин регистрийн дугаар, утасны дугаар, нэг удаагийн нууц код зэргээр баталгаажуулдаг. Өнөө цахим иргэний үнэмлэх дахиад л хэрэггүй хэвээр байна.
Иргэний үнэмлэхэд цахим чип болон QR код байдаг ч танилтын аргаар төдийлөн ашигладаггүй
Үүрэн холбооны оператор, банк, санхүүгийн байгууллагууд харилцагчийг танихдаа ихэвчлэн иргэний үнэмлэхийн хэвлэмэл мэдээллийг шалгах эсхүл хуулбар авч баталгаажуулах аргуудыг сонгодог. Угтаа бол иргэний үнэмлэх дээр байрлах QR код болон цахим чипийг ямарваа нэгэн техник, багаж хэрэгслээр уншуулж, иргэний мэдээллийг авах боломж бүрэн бий. Гэвч өнөө л уламжлалт аргаа ашиглан үнэмлэхийг биечлэн шалгах, биедээ заавал авч явахыг шаарддаг. Өөрөөр хэлбэл иргэний үнэмлэхийн цахим чипийг ашигласан нэгдсэн баталгаажуулалтын систем өнөөг хүртэл бүрэн хөгжөөгүй л байна. Ингэснээр “цахим үнэмлэх” гэх нэршил бодит амьдрал дээр хязгаарлагдмал хүрээнд ашиглагдаж, сонгуулийн үеийн таних хэрэгсэл гэсэн ойлголттой байгаа нь нууц биш.
Нийслэлчүүд сонгуульд саналаа өгөхөөс гадна түлшээ авахдаа цахим үнэмлэхээ ашиглах боломж бүрдэв
Нийслэлийн хэмжээнд иргэд галлагааны улиралд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж буй. Ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Хотула” аппликэйшн болон иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан түлшээ авах юм. Энэ нь та бидний өдөр тутмын амьдралд төдийлөн ашиглагдаад байдаггүй гэх цахим иргэний үнэмлэхийн хоёр дахь онцгой хэрэглээ гэж хэлж болох ч нөгөө талаас энэхүү үнэмлэхийг илүү өргөн хүрээний дижитал үйлчилгээ, эдийн засгийн идэвхтэй хэрэглээнд ашиглах боломж одоогоор хязгаарлагдмал хэвээр байна.
Цахим иргэний үнэмлэх бол зүгээр л нэг хуванцар карт биш. Энэ бол иргэн бүрийн нийгмийн үйл ажиллагаанд оролцох, төр иргэдийн харилцааны эхлэл байх боломжтой. Харин тэр боломжийг бодит хэрэглээ болгох эсэх нь бодлого, хэрэгжилт, нэгдсэн шийдвэрээс шалтгаална.

Иргэний үнэмлэх гэж юу вэ? Энэ асуултад хариулт өгье…
Монгол Улсын иргэн бүр 16 нас хүрээд заавал “ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ” авдаг. Энэхүү үнэмлэх нь таныг Монгол Улсын иргэн мөн болохыг гэрчлэх бөгөөд Улсын бүртгэлийн тухай хуулиар олгодог албан ёсны баримт бичиг юм.
Тэгвэл иргэний үнэмлэх хэзээ үүсэв…
- 1940 он: Бүгд Найрамдах Монгол Ард Улс иргэний паспорт нэвтрүүлж, үндэсний бүртгэлийн тогтолцоо бий болгов.
- 1960-1968 он: Энэ цаг үед манай улсад дотоод шилжилт хөдөлгөөн эрчимжсэн. Өөрөөр хэлбэл, иргэдийн шилжилт хөдөлгөөн, нийгмийн дэг журмыг хянах шаардлагатай болсон ба шинэ зохицуулалт бий болгосон. Ийнхүү 1968 онд БНМАУ-ын иргэний үнэмлэхийг нэвтрүүлсэн байна.
- 1970 он: Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгийн оршин суугчдад иргэний паспорт, бусад аймгийн оршин суугчдад иргэний үнэмлэх гэсэн хоёр үндсэн бичиг баримтыг олгожээ.
- 1974-1981 он: Эдгээр он жилүүдэд бүх нийтийг гадаад паспортжуулах ажлыг эхлүүлж байсан ба 16-гаас дээш насны иргэдийн 97 хувьд иргэний паспорт олгосон байв.
- 1990-1992 он: 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа 1992 оны Үндсэн хуульд Монгол Улсад иргэд чөлөөтэй зорчих, оршин суух эрх олгох талаар тусгасан байдаг. Гэвч энэ цаг үед өмнө нь ашиглаж байсан иргэний паспортын нөөц дуусжээ.
- 1999-2003 он: Дээрх иргэний паспортыг хувийн нууцлалгүй, хүний эрхийг зөрчсөн гэх олон шалтгаанаар сольсон байдаг. Ийнхүү 1999-2003 оны хооронд иргэний үнэмлэхийг шинээр олгож эхэлсэн байна.
- 2012 он: 2012 оноос эхлэн хувийн болон биометрийн мэдээлэл агуулсан микропроцессор суулгасан шинэ цахим үнэмлэх нэвтрүүлжээ.
- 2022 он: Өмнө нь иргэний үнэмлэх дээр эзэмшигчийн овог, эцэг /эх/-ийн нэр, эзэмшигчийн нэр, төрсөн он, сар, өдөр, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, олгосон байгууллагын нэр, олгосон он, сар, өдөр болон хүчинтэй хугацааг ил харагдахаар бичдэг байж. Гэвч 2022 онд нэмэлт өөрчлөлт оруулж, эзэмшигчийн гэрийн хаяг, регистрийн дугаарыг биет үнэмлэхнээс хасан ЧИП суулгасан байна. Иймд иргэний үнэмлэх нь хүн бүрийн таних тэмдэг, басхүү нийгэмд оролцох түлхүүр гэж хэлж болох юм.
