МАН бага хурлаараа ХҮН, ИЗНН-ыг засгаас гаргах уу


МАН-ын бага хурлын 597 гишүүн өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд цуглаж, намынхаа багагүй асуудлыг шийднэ. МАН-ын асуудал нь Монгол Улсын асуудал болж хувирах нь олонтаа. Дураа хүрвэл дураараа тонгочдог, дургүйгээ хүрвэл дуртайгаа тонгордог бага хурлын бүрэн эрхт гишүүд энэ удаад засгаар оролдох төлөвтэй.

Засгийн газраас ИЗНН, ХҮН-ыг гаргаж, МАН-ыг дангаар засаглахыг олон гишүүд нь энэ хурлаар Н.Учрал, Г.Занданшатар хоёроос шаардахаар зэхэж байна. 10 сарын өмнө МАН-ын бага хурал хуралдахдаа АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргаж, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын суудлаасаа огцорч, намын даргын тамгаа алдахад хүргэсэн. МАН-ыг дангаараа Засгийн газраа байгуулахыг тус бага хурал шаардсан ч Л.Оюун-Эрдэнийн халааг авч, дараагийн Ерөнхий сайд болсон Г.Занданшатар ХҮН-ыг авч үлдэн, ИЗНН-ыг засагтаа урьж, дахин хамтарсан Засгийн газар байгуулсан юм.

Тэр үед үгэнд ороогүй Ерөнхий сайдтайгаа энэ удаад бага хурал хариуцлага тооцох эрмэлзэлтэй байгаа гэнэ. ИЗНН, ХҮН-ыг засгаас гаргах сонирхол сайд болох мөрөөдөлтэй нөхдөд бий. АН-д 8 сайдын суудал өгсөн, дэндүү олон байна хэмээн хэмээн атаархсаар Засгийн газраа тараасан хүмүүсийн үргэлжлэл энэ удаад жижиг намуудаар оролдож, хүслээ хангах бололтой. Ерөнхий сайд харин аль ч намыг гаргахгүй, Засгийн газрын өнөөгийн бүтцийг хэвээр нь хадгалахыг хүсэж байгаа гэнэ.

Т.Доржханд, Б.Батбаатар нарын энэ мэт хэрээс хэтэрсэн алдаан дээр МАН-ын бага хурлын гишүүд дөрөөлнө

ХҮН-ын Т.Доржханд, П.Наранбаяр, ИЗНН-ын Б.Батбаатар нарыг ачаа үүрэлцсэнгүй хэмээн адлагсад МАН дотор зөндөө бий. Т.Доржханд, Б.Батбаатар хоёрын тухайд энэ шүүмжлэл байгаа оносон байж болох ч П.Наранбаярын хувьд арай ч дэгсдүүлсэн болох биз. 2024-2025 оны өвөл Улаанбаатар хот даяар цахилгаан, дулааны дутагдалд орж, улаанбаатарчуудыг гал алдаж суухад Шадар сайд Т.Доржханд гадаадад цахилгаан экспортлох тухай лааны гэрэлд ярин, монголчуудыг даапаалж байлаа. Түүнээс хойш тэр хүн таг.

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарын тухайд намаа, яамтайгаа хамт ах дүү, садан төрлийнхөө хүмүүсээр дүүргэсэн гэж намынхан нь хүртэл шүүмжилдэг. Нам бол нийгмийн нэг инститүц. Үзэл бодлороо эвлэлдэн нэгдсэн хүмүүс нэгдэж, нам байгуулдаг болохоос цус, ясан төрлөөрөө нийлж, байгуулдаггүй. Гэтэл Б.Батбаатар байгуулжээ.

Яам бол ИЗНН, Б.Батбаатар гэдэг хүний байгууллага биш. Монгол Улсын төрийн байгууллага. Үүнийг ураг садан, гэр бүлийнхээ хүмүүсээр дүүргэх нь байж боломжгүй явдал. Харин Б.Батбаатар байж боломгүй явдлыг байж болдог зүйл болгожээ. Сайдын албан тушаал бол шагнал биш. Гэвч шагнал гэж ойлгодог хүмүүс бас байх юм.

Т.Доржханд, Б.Батбаатар нарын энэ мэт хэрээс хэтэрсэн алдаан дээр МАН-ын бага хурлын гишүүд дөрөөлнө. Дөрөөлөхөөс аргагүй, бэлэн, том, гишгүүртэй дөрөө л дөө. П.Наранбаярын тухайд гал маналзсан салбарыг тэргүүлдэг хүн. Тэр галыг дүрэлзүүлэлгүй, өөрөө үнс болчхолгүй зохицуулаад байгаа. Хамгийн сүүлд багш нарын цалингаа нэмүүлэх шаардлагыг ухаалгаар шийдсэн. Янз бүрээр хэлүүлдэг ч яаж ийгээд зохицуулаад байдаг.

Б.Батбаатар засгаас явбал С.Энхболдыг дагуулна

Хэрвээ жижиг намуудыг засгаас гаргавал дагаад дэд сайд нарыг чөлөөлнө. 2024 оноос УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан С.Энхболд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайд болсон. Тэд олон жил нөхөрлөж яваа найзууд. Гадаад томилолтод хамт явдаг сурагтай. Б.Батбаатарыг сайд болсноос нь хойш найз С.Энхболд нь бизнестэй холбоотой асуудлыг нь зохицуулдаг болсон гэдэг.

Яагаад ч юм бэ, Г.Занданшатар ИЗНН-д дэд сайдын 1 квот өгсөн атлаа түүнийгээ дэргэдээ авахыг нь зөвшөөрөөгүй. ИЗНН-ын дэд сайдыг ХББОСЯ-нд аваачаад тавьчихсан. С.Энхболдыг нэг ёсондоо Э.Бат-Амгалан сайдын хяналтад илгээсэн. Б.Батбаатар засгаас явбал С.Энхболдыг дагуулна.

Нийслэлийн Баянзүрх дүүргээс ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, 2020-2024 онд П.Наранбаяр, П.Ганзориг нартайгаа хамт ажилласан, ХҮН-ын Төлөөлөх зөвлөлийн гишүүн Д.Гантулга Боловсролын дэд сайд болсон. Тэр 2024 оноос П.Наранбаярыг Боловсролын сайдаар томилогдоход нь зөвлөхөөр нь ажиллажээ. ИЗНН-аас ялгаатай нь ХҮН-ын дэд сайд намынхаа сайдтай хамт ажиллаж байна. Т.Доржханд, П.Наранбаяр хоёрыг засгаас гаргавал Д.Гантулга дагаж таарна.

Сайдын суудлыг шагнал гээд ойлгочихсон эрхэм Засгийн газарт зөндөө байгаагийн нэг нь Б.Чойжилсүрэн. Монгол Улс цахилгаан, дулааны хэрэглээгээ хангаж хүчрэхгүй байхад хороолол, хотхоноор нь орон сууц барин, бизнесээ цэцэглүүлж байгаа хүн. Түүнд Ерөнхий сайд асуудлыг шийдэх 30 хоног өгсөн ч хийсэн ажил байвал түүнийгээ хэлж, шийдсэн асуудал байвал тэрийгээ ярихын оронд бусдын хийсэн ажлыг өөртөө нялзааж, давагдашгүй хүчин зүйл гэдэг халхавч өөртөө босголоо. Нийслэлээс гаргасан бондоор хувийн компанийн барьсан цахилгаан станцыг өөрийнхөө хийсэн ажил мэтээр дөвийлгөсөнд нь олон нийт дургүй байна. Түүнд энэ удаагийн бага хурал хариуцлага тооцох асуудлыг сөхнө гэж олон хүн найдаж байгаа юм. Гэвч тийм магадлал бараг тэгтэй тэнцүү байна. Бага хурлаараа МАН өөрийнхөө сайд нараар оролдохгүй байхаар тохирчээ.

Ийм эгзэгтэй нөхцөлд Г.Занданшатар бага хурлынхаа гишүүдийн амыг яаж хамхиж, сайд болохыг зүүдэлдэг нөхдийнхөө хүслийг хэрхэн барагдуулах юм бол?

Хэрвээ ХҮН, ИЗНН-ыг засгаас гаргаж, МАН дангаар засгаа байгууллаа ч удаан тогтох магадлал тун муу. АН-ын 42, ХҮН-ын 8, ИЗНН-ын 4 гишүүд нэгдэж, Үндэсний эвслийн 4-ийг талдаа татаад, МАН-аас хэдэн хүн уруу татахад л Засгийн газрын хувь заяа дэнжигнэнэ. Үүнийг тооцсон учраас л Л.Оюун-Эрдэнэ Засгийн газартаа АН, ХҮН-ыг урьсан. Г.Занданшатар танхимдаа ХҮН-ыг үлдээж, ИЗНН-ыг авсны учир ч ийм.

Харин одоо МАН дангаар үлдвэл мааниа уншлаа л гэсэн үг. МАН-аас уруу татах боломжтой хүмүүс бий. Жагсаалтынхан дотроос ч зөндөө олдоно. Тойргийнхон дотроос ч мэр сэр гарч ирнэ. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр УИХ-ын гишүүн, МАН-ын бага хурлын гишүүний суудалд сууж байгаагийнхаа хэргийг энд л гаргахгүй бол амны хишиг нь ардаа гарах биз.

АН-ын дарга О.Цогтгэрэл өчигдөр “Төрийн албыг цомхон болгоно гэдэг ч дэд сайд гэсэн мөсөн уулын оргилтой 1000, 1000-аараа төрийн алба чинь данхайж байгаа учраас үүнийгээ болихыг шаардаж байна. Шаардлагад ЗГ-ыг огцруулахаас дээш хэмжээний гарын үсэг цугларсан” гэж мэдэгдлээ. АН-ын гишүүд Засгийн газрыг огцруулахаар намрын чуулганы сүүлчээр гарын үсэг цуглуулсан. Тэнд гарын үсгээ зурах эрх одоо ч бүх гишүүнд нээлттэй. Уг бичгийг хаврын чуулганаар УИХ-д өргөн барина.

Ийм эгзэгтэй нөхцөлд Г.Занданшатар бага хурлынхаа гишүүдийн амыг яаж хамхиж, сайд болохыг зүүдэлдэг нөхдийнхөө хүслийг хэрхэн барагдуулах юм бол?


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *