Монгол улсын төрийн тэргүүн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилж буйг өнөөдөр өглөө зарласан. Ерөнхийлөгчийн энэ санаачлага эрх баригч намын бага хуралтай зэрэгцэн нийтэд хүрсэн нь нийгмийн анхаарлын төвд байна. Тэгвэл МАН-ын бага хуралд оролцож байгаа хуульч гишүүний байр суурь уг асуудалд ямар байхыг тодрууллаа.
-Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн тухай таны байр суурь ямар байна вэ?
-Аль ч парламент төгс байдаггүйг бодолцох учиртай. Ямар ч асуудал үүссэн тогтолцоог өөрчлөх эсвэл гажуудуулах шийдвэрт хүрч болохгүй. 126 гишүүнтэй анхны удаагийн парламент ажиллаж байна. Алдаатай, оноотой олон зүйл байгаа байх. Асуудлыг дүржүүлээд тэр нь болохгүй байна гэж шийдэж болохгүй гэдэг санаа.
-УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшүүлсэн хүмүүст ямар шалгуур тавигддаг талаар танд ямар мэдээлэл байна вэ? Намдаа үнэлэгдээгүй хүмүүс шууд жагсаалтад орсон гэдэг сэдвийг лифтэнд суусан гишүүд гэж нэрлээд байсан санагдаж байна?
-Улс төрийн нам сонгуульд орохдоо өөрөө бодлогоо гаргаад ямар бодлогоор явах вэ гэдэг сонгох шийдэл гэсэн үг шүү дээ. Тухайн үед буюу 2024 онд авлига албан тушаалын асуудлаас болоод улс төрийн намын нэр хүнд унасан байна гэдэг асуудал яригдаж сонгогчид мэргэжлийн хүмүүсийг хүсэж байна гэдэг зүйл яригдаж байсан. Нэр цэвэр салбар салбарын нэр цэвэр мэргэжлийн хүмүүсийг намын жагсаалтад нэр дэвшүүлье гэдэг санал МАН-ын бодлогоор гарсан. Бусад намуудын хувьд ямар шийдвэрт хүрч байсныг би мэдэхгүй шүү дээ. Нам болгон бодлогынхоо хүрээнд жагсаалтаа гаргаж шийдсэн байх.
-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Ерөнхийлөгч санаачлах нь өөрөө зөв процесс мөн үү?
-Би яг одоогийн байдлаар хуулийн төслийг хараагүй байна. Хэвлэлийн мэдээллээс хэтрэхгүй мэдээлэл төдий. Ер нь бол энэ асуудалд бид нухацтай хандах ёстой. Нэн яаралтайгаар хэлэлцүүлнэ гэдэг үг гарч байх шиг байсан. Уг хуулийг хэрэв хэлэлцүүлж батлах бол яавч яаралтай горимоор хэлэлцэж болохгүй. Хуулийн төсөл өргөн баригдсаны дараа нарийн сайн танилцах боломж бүрдэх байх.
-УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төсөл батлагдчихвал УИХ-ын дархлаа сулрах асуудал үүсэх эрсдэл гарах уу?
-Парламент дархлаатай байж парламентын засаглалтай улс орон байх бололцоотой. Гэхдээ парламентын дархлаа гэдэг үгийн доор гэмт хэргийг нуун дарагдуулах асуудал байж болохгүй. Би үүнтэй санал нийлдэг. Гэхдээ яг зарчим байх ёстой деталь дээр няхуур хандахгүй бол чөтгөр детальд нуугддаг гэдэг үг байдгийг мартаж болохгүй. Тиймээс хуулийн деталиудтай нарийн танилцаж сайтар хэлэлцэх шаардлагатай.
-1-2 гишүүнээс болж энэ асуудал дэгдээд байгаа мэт харагдаад байна. М.Нарантуяа-Нара гишүүний бүдүүлэг ярианаас болж л Ерөнхийлөгч ийм хуулийн төсөл санаачилж байгаа юм шиг харагдаад байгаа юм.
-Миний хувьд зөвхөн тэр асуудлаас болсон гэж харахгүй байна. Нэг гишүүн асуудал дэгдээмэгц 2-3 хоногийн дотор хууль санаачилчихна гэж байхгүй. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг өмнө нь зарим гишүүд ярьдаг байсан. Намууд нэр дэвшүүлсэн гишүүнээ эгүүлэн татах асуудал байж болох уу гэх зэргээр. Сошиалаар тарсан ганцхан лайваас болоод ийм хуулийн төсөл санаачилна гэж бол бодохгүй байна.
-Өнөөдөр МАН-ын дарга Н.Учрал Д.Амарбаясгалан тэргүүтэй гишүүдийг намаасаа түдгэлзүүлнэ гэлээ. Та Д.Амарбаясгалан гишүүнтэй ойр ажиллаж байсан хүн шүү дээ?
-/Инээв/ Байнгын хорооны даргын хувьд уу? Намын дарга өөрийнхөө бодлогоор хяналтын хороонд уг асуудлыг тавина гэсэн. 4 хүний нэр дурдагдсан. Энэ дунд 2 УИХ-ын гишүүн байна лээ. Улс төрийн нам шүү дээ. УИХ биш. Намын гишүүнчлэлийнхээ асуудалд ямар дүрэм журам баримталдаг юм тэрүүгээрээ явах байх. Хэрвээ УИХ-ын гишүүний бүрэн эрх хөндөгдөх тохиолдолд асуудлыг УИХ дээр ярина. Мэдээж тогтсон хууль журмын дагуу нарийн л харж судлах шаардлага үүсэх байх.
-Өнөөдрийн хуралд гэмт хэрэгт холбоотой байж мэднэ гэдэг шалтгаанаар зарим гишүүдээ хасах тухай ярьж байхад, гэмт хэрэгт нэр нь холбогдоод олон улсаар эрэн хайж байсан хүн намын хуралд ирээд суучихсан байна шүү дээ. Намын даргын шийдвэр, хуралд оролцож байгаа иргэн Ж.Мөнхбат гэдэг хүний байдал зэргийг харвал ялгавартай хандлага байна уу?
-Та бүхэн 4 дэх засаглал, хяналтын үүргийг гүйцэтгэдэг шүү дээ. Өөрсдийнхөө өнцгөөр шүүн тунгааж хэвлэл мэдээллээр мэдээлж байгаа болов уу. МАН-ын даргын хувьд 4 бодлого дэвшүүлсэн. Авлигаас чөлөөлье гэдэг байр суурь. Энэ ажлынх нь үр дүн гараасай. Бас тууштай чигт байгаасай гэж МАН-ын гишүүний хувьд үзэж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
