Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн П.Ганзориг нар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэд өнөө өглөө тус аймгийн засаг дарга Л.Төмөрбаатартай уулзахад “Цагааннуур сумын Соёлын төвийн барилга сийгсэн, сургуулийн хана цуурсан. Тендер зарлахаар оролцох аж ахуйн нэгж олддоггүй” хэмээн нөхцөл байдлыг танилцууллаа.

Боловсролын сайд П.Наранбаяр “Улсын хэмжээнд галлагаатай сургууль хоёрхон байгаа нь Хөвсгөл аймагт бий. Рэнчинлхүмбэ суманд сургууль барихаар төсвөөс санхүүжилтээ бүрэн авсан ч барилгаа дуусгаагүй компанийг хянан шалгаж байна. Хүүхдүүд эрүүл, аюулгүй нөхцөлд суралцах ёстой учраас сургуулийн барилгыг дуусгахад шаардлагатай хөрөнгийг АХБ-ны санхүүжилтээр шийдэхээр шийдвэрлээд байна. Цагааннуур суманд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг энэ онд барьж эхэлнэ” гэлээ.

Тус аймагт 2026 онд улсын төсвийн хөрөнгөөр 5440 суудалтай 10 сургууль, 800 ортой 6 цэцэрлэг, 840 ортой 5 дотуур байр, 1 спорт заал, нэг МБТБ-ын барилга барина. Эдгээр 23 барилгад 179.9 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс 39,6 тэрбум төгрөгийг нь 2026 онд өгөх юм байна. Мөн АХБ-ны тусламжаар хоёр төсөл хэрэгжиж буй аж.
