Өчигдөр буюу 3-р сарын 1-ний өдөр уг нь ням гараг боловч улс төрийн үйл явдлыг буцалгасан мэдэгдэл энд тэндээс цацагдсан халуухан өдөр байлаа. Эрх баригч МАН-ын 105 жилийн ойн баяр энэ өдөр тохиож, дарга нар Тусгаар тогтнолын цагаан ордонд баярын хурлаа хийж байх цаг мөч мэдэгдэл гаргасан эрхмүүдэд гомдол төрүүлсэн нь дамжиггүй.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын чухал албан тушаалыг бүтэн 8 жил хашиж яваад, УИХ-ын даргын өндөр сэнтийд заларч байсан Дашзэгвийн Амарбаясгалангийн хувьд баярын хуралтайгаа зэрэгцүүлэн, үдийн 11:00 цагт мэдэгдэл гаргаж “Эх орончдын өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна” хэмээн намын нөхдөөсөө хүн чанар нэхсэн пост оруулж, олны анхаарлыг татлаа. Түүнийг баасан гарагт хуралдсан бага хурлын индэр дээрээс намын дарга Н.Учрал нь намын гишүүнчлэлээс чөлөөлүүлнэ гэдгээ мэдэгдсэн нь улс төрийн хүрээнд анхаарал татсан гол үйл явдлын нэг болж хувираад байна.
Тэрээр мэдэгдэлдээ парламентын тогтолцоог төгөлдөржүүлэхийн төлөө, 1 намын дарангуйлал тогтохоос сэргийлэх шинэчлэл реформыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж ирсэн зүтгэлийг нь хожим олон нийт ойлгоно хэмээн туньжээ. Түүнчлэн Д.Амарбаясгалан улс төрийн амбийцаа дуусгаагүй болохоо уг мэдэгдлээрээ зарлан тунхагласнаараа онцлогтой.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар 4 удаа сонгогдон ажилласан гэдгээр нь түүнийг намдаа нөлөө бүхий лидерийн нэг байсныг харж болно. Одоо ч Д.Амарбаясгалангийн нөлөө МАН-д байсаар байгаа. Гэхдээ түүний энэ нөлөөг яаран дааран арилгах сонирхол одоогийн намын удирдлагад байгаа нь бага хурал дээрх намын даргын мэдэгдлээс тодорхой ажиглагдав.
Д.Амарбаясгалангүй МАН-ыг гэхдээ олон нийт битгий хэл сөрөг хүчний улстөрчид ч хүлээн авах бэлтгэлгүй байна уу хэмээх дүгнэлтийг цахим орчноос харж болохоор байгаа юм. Түүнийг МАН-ын гишүүнчлэлээс чөлөөлнө гэсэн мэдээлэлд халагласан сэтгэгдлүүд цахим орчинд дүүрэн байна. Гэхдээ хамгийн анхаарал татаж байгаа нь тэдгээр халаглал, буруутгал одоогийн МАН-ын удирдлага руу биш, харин экс МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэсэн нь анхаарал татна.
Д.Амарбаясгалангийн мэдэгдлийн араас урьд өмнө Монголд болж байгаагүй буюу хорих ангиас ял эдэлж дөнгөж дууссан этгээд олон нийтэд хандан “Би гэм буруугүй” хэмээн зарласан явдал байлаа. Цагтаа МАН-ын тугийг барьж явсан Т.Аюурсайхан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээр ял эдэлж дуусаад дөнгөж суллагдмагцаа “Би буруугүй байсан” хэмээн чанга дуугаар зарлалаа.
Шүүхээс оноосон ялыг бүрэн эдэлж дуусаад, гарч ирсэн этгээд шууд олон нийтэд хандаж байгаа энэхүү тохиолдолд одоогийн байдлаар хууль, шүүхийн байгууллага ямар нэгэн тайлбар мэдэгдэл хийгээгүй байна.
Т.Аюурсайханы мэдэгдэл мөн л Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэсэн нь анхаарал татна. Тэрээр “Л.Оюун-Эрдэнэ намайг захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан. Түүний ард намайг гэмт хэргүүдийг нь илчилнэ гэж эмээсэн Ардын намын томоохон бүлэглэл бий” хэмээн бичив.
Шоронгоос гарч ирмэгцээ улс төрийн мэдэгдэл хийсэн Т.Аюурсайхан Ерөнхий сайдыг дэмжинэ гэдэг үгээр мэдэгдлээ төгсгөсөн нь санамсаргүй хэрэг биш. Нэгэнтээ туг барьж явсан засагт ханы хөх эр Г.Занданшатараас оноо горьдсондоо Л.Оюун-Эрдэнэ лүү дайрсан ч байж мэднэ.
Эрх баригч намын дотоод зодоон намжаагүйг өчигдөр гарсан дээрх 2 мэдэгдэл ийнхүү нотоллоо. Хаврын улс төр ийн буцалж эхэллээ.
